Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн 2014 оны 04-р сарын 14-ний өдрийн хуралдааны тойм

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор байгуулагдсан Шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей удирдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Ганбаатар, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Л.Эрдэнэчимэг, Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей хуралдааныг нээж, ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан тухай болон Шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдэд танилцуулав. Тогтоолын төслийг боловсруулахдаа Боловсрол, шинжлэх ухааны сайд, ШУА-ийн удирдлагууд болон хүрээлэнгүүдийн хамт олонтой уулзаж санал хүсэлтийг нь тусгасан тухайгаа онцлон тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр гаргаж байсан саналуудын ихэнх нь тогтоолын төсөлд тусгасан тухай дурдаад эдгээр байгууллагуудын ажиллах нөхцөл хангалтгүй, энэ салбарыг орхигдуулсныг анхаарах цаг нэгэнт болсныг онцлов. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах бүхий л нөхцөл бололцоогоор хангаж, нэн тэргүүнд тэдгээрт санхүүгийн эрх мэдлийг олгох, ингэхдээ ажлын үр дүн, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Бид хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гээд үүрэг, хариуцлагын механизмыг орхигдуулсан тал бий.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамт олны дэвшүүлж байсан асуудлууд нь нийтлэг, ер нь шинжлэх ухааны салбарын хөгжил нь шилжилтийн үедээ байна уу даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Тогтоолын төсөлд хүрээлэнгүүүдийн санхүүжилтийн бие даасан байдлыг сайжруулах, тэдгээрт гадаад, дотоодын тендерт оролцох эрхийг нээж өгөх, хувийн хэвшил болон улсын үйлдвэрийн газрууд ШУА-д захиалга өгч судалгаа хийлгэх, дотоод менежментийг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг оруулах зүйтэй гэлээ.


Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг тогтоолын төслийн зарим нэг заалтыг нарийвчлах, Инновацийн тухай хуулиар хүрээлэнгүүдэд “гарааны компани” байгуулах эрхийг нээсний дагуу журмын төсөл боловсруулаад гацаанд орсон тухайгаа хэлээд энэ заалтыг Компанийн тухай хуультай уялдуулж, нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгааг онцлон дурдлаа.


Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл шинжлэх ухааны салбар төр засгийн анхаарлын гадна талд байгааг онцлоод энэхүү Байнгын хорооны тогтоол шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гээд хүрээлэнгүүдийн ажилтнууд Байнгын хорооны болон Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Гансүхээр ахлуулсан ажлын хэсгүүдээс их зүйлийг хүсэн хүлээж байгааг онцлон тэмдэглэв. Тогтоолын эхэнд тэмдэглэл хийж, тэмдэглэлээс үүдэлтэйгээр тогтоолын заалтуудыг тусгах боломж байгаа эсэх, “эрдэм шинжилгээний зардлыг хуульд заасан төвшинд хүргэх” гэсэн нь холбогдох хуульд заасан заалтууд хэрэгжээгүй төдийгүй хуучирсан гээд 2013 оны байдлаар манай улсад эрдэм шинжилгээний зардал ДНБ-ий 0.16 хувьтай тэнцэж, сүүлийн жилүүдэд он дараалсан буурсан үзүүлэлттэй байна. Харин үүний оронд хөгжиж байгаа Азийн орнуудын жишгээр ДНБ-ий хэдэн хувьтай тэнцэхийг тодорхой тусгаж өгөх, ядаж ойртуулах арга хэмжээ авах нь зүйтэй гэв.


Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Т.Дорж хүрээлэнгүүд эрдэм шинжилгээ болон судалгааны бүтээлээрээ олсон орлогоо зарцуулах эрхгүй байна, гадаадын байгууллагуудтай хамтарсан судалгаа хийж, эрдэм шинжилгээ, судалгааны тоног төхөөрөмж, бусад хэрэгслийг оруулж ирэх гэхээр гаалийн татвараас болж зогсонги байдалд ордогийг онцлон тэмдэглэв.


Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн сангийн дэд захирал Б.Энхтунгалаг хүрээлэнгүүд олон улсын байгууллагуудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төслийн төсөв, хөрөнгө нь Сангийн яамны мэдэлд очиж, захиран зарцуулах эрхгүй болдог, Төсвийн тухай хуулийн 47.1.5 заалтыг эргэн харж үзэх, эдгээр санал хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн тухайгаа хэллээ. Мөн шинжлэх ухаан, технологийн сангийн эрх, үүргийг нэмэгдүүлэхдээ Засгийн газрын тусгай сангийн тухай хуультай уялдуулах, их, дээд сургуулиудад дундын лаборатори байгуулах зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулахыг хүслээ.


Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Галбаатар шинжлэх ухаан, технологийн сангийн үлдэгдлийг оны өмнө хурааж авдаг, тогтоолын төслийн заалтыг нэмэгдүүлэх, Герман улсын зээл тусламжаар лаборатори байгуулах, тоног төхөөрөмж оруулж ирэх гэхээр гаалийн татвар тээг болдог, шинжлэх ухааны байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх талаар нэг заалт оруулах, хуульд зааснаар зээл, тусламжийн 2 хувийг эрдэм шинжилгээний зардалд зарцуулна гэсэн байдаг, энэ бол тэр болгон хэрэгждэггүй заалт гэв.


Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар шинжлэх ухааны байгууллагуудыг өөрийнхөө дотоод хүчин чадал, нөөц бололцоогоор өсөн дэвжих бүхий бололцоогоор хангаж өгөхийг хүсээд тэдгээр байгууллагуудад гадаад болон дотоодын тендерт оролцох эрхийг нь нээж өгөх, санхүүгийн эрх мэдэл олгож данстай болгох, олон улсын байгууллагуудын судалгаа, мэдээлэл дээр тулгуурлах бус энэ хэдэн эрдэмтдээ дэмжихийг уриалав.


Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей гишүүдээс гаргасан саналуудыг тогтоолын төсөлд тусгах, ажлын хэсгийн танилцуулгыг товч тодорхой болгож, шинжлэх ухаан, технологийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг тусгах, тогтоолын төсөлд шинжлэх ухааны тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг судлан шийдвэрлэх гэсэн заалтыг нэмэхийг Байнгын хорооны ажлын албаны ажилтнуудад үүрэг болгов.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар тогтоолын төсөлд ерөнхий заалтуудыг оруулж байснаас процессын буюу тодорхой заалтуудыг оруулж өгөх, төрийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны байгууллагуудаас гаргасан судалгааны үр дүн, тоон баримтанд тулгуурлана гэсэн заалтыг оруулвал эдгээр байгууллагуудын статус дээшилж, чадавхи нь бэхжинэ гэлээ.


Хуралдаан даргалагч Байнгын хорооны тогтоолын төслөөр санал хураалт явуулж, гишүүдийн олонхи нь дэмжиж, ажлын хэсгийн гишүүдээс гарсан зарчмын болон найруулгын шинжтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгаж, тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.


Хуралдаан 16.53 минутанд өндөрлөв.


НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл