Цэс

Холбоо барих

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

                                                                                                                                   Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
                                                                                                                                                                                  Д.Батцогт

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дараах санал, дүгнэлтийг гаргаж байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа зарим хэргийг эцэслэн хянан хэлэлцдэг тогтолцоог хэвээр үлдээх санал гаргасныг Байнгын хорооны гишүүд хэлэлцээд уг асуудлаар тусгайлан ажлын хэсэг байгуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, үүнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээс уг асуудалтай холбоотой хэсгийг хасах саналыг дэмжлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65.7 дахь хэсгийн “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35.2 дахь хэсгийн “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэснийг тус тус хүчингүй болгосонтой холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийг хасахаар гаргасан Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндоржийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар гарсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.


ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл