Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ 2013 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ЗАВСАРЛАГААНЫ ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нь 2013 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын төсөл дээр ажиллан хэлэлцүүлэгт бэлтгэв. Мөн намрын чуулганаар хэлэлцсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг сурталчлах болон хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгүүд ажлын төлөвлөгөөний дагуу ажиллав. Чуулганы завсарлагааны хугацаанд тус Байнгын хороонд байгууллага, иргэдээс хандаж нийт 21 өргөдөл, гомдол, албан тоот ирүүлснээс албан тоотод тухай бүрт нь хариу өгч, нийт 11 албан тоотоор хариу явуулсан байна.

Нэг. Хууль, бусад шийдвэрийн төсөл дээр ажилласан талаар Чуулганы завсарлагааны хугацаанд Засгийн газраас өргөн мэдүүлж тус Байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслүүд дээр ажиллан, Байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсэг ажлын удирдамжийн дагуу холбогдох яамдаас ирүүлсэн тоон мэдээ, мэдээлэл, баримтанд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт боловсрууллаа.

Хоёр. Хяналт шалгалт хийсэн талаар Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэн Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг ажлын удирдамжийн дагуу шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын шинэчлэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх Ухааны Академийн үйл ажиллагаатай танилцах, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах зорилгоор Хими, Физик, Биологи, Геоэкологи, Олон улс судлал болон Философи, социологи, эрхзүйн хүрээлэнгүүд болон Үндэсний хөгжлийн төв, Палеонтологийн төв, “Мөнхийн тун ” эмийн үйлдвэр “Айвико” дуслын шингэний үйлдвэр “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лаборатори” “Цомбо” тарилгын эмийн үйлдвэр, “Монос” эм ханган нийлүүлэх зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай нь танилцан, хяналт шалгалтын ажил хийлээ. Түүнчлэн Байнгын хорооны Ажлын алба ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2014 оны 03 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, Боловсрол, шинжлэх ухааны болон Соёл, спорт, аялалын жуулчлалын яамдын үйл ажиллагаатай танилцаж, эдгээр салбарын бодлогын шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх авч хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар боллоо.

Гурав. Орон нутагт ажилласан талаар 1.Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Дархан, Сэлэнгэ аймгуудын Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаа болон Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн танилцлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг эдгээр аймаг, сумдын иргэдийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тэдний санал хүсэлтийг сонсож, Улсын Их Хурлаас баталсан болон хэлэлцэгдэж байгаа хуулийн тогтоомжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. 2.Байнгын хорооны Ажлын алба ажлын удирдамжийн дагуу 2014 оны 1 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Ховд аймгийн Боловсрол, Соёлын газар, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын хэлтэс, Хөгжимт драмын театр, Хүүхдийн төлөө хэлтэс зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Ховд аймагт ажиллах үеэр Байнгын хорооны Ажлын алба Хөгжимт драмын театрт нийгмийн салбарын ажиллагсдын дунд уулзалт ярилцлага зохион байгуулж, нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодруулж, нийгмийн халамж, хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тэдний санал бодлыг сонсож, цаашид хэрхэн сайжруулах талаар харилцан ярилцав. УИХ-ын намрын чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж байгаа ажил, хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжийн төсөл болон батлагдсан хуулийн талаар танилцуулга хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож холбогдох байгууллагуудад уламжлан, үүрэг болгон ажиллахаар боллоо.

Дөрөв. Уулзалт ярилцлага, хэлэлцүүлгийн талаар

1.Байнгын хорооны ажлын алба Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Эрх тэгш боломж хөгжлийн үндэс” сэдэвт уулзалт ярилцлаганд оролцов.

2.Байнгын хороо НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Парламентын сэтгүүлчдийн холбоотой хамтран ”Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал, жендэрт суурилсан хүчирхийллийг мэдээлэхэд анхаарах зүйлс” сэдэвт сургалтыг 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтанд Байнгын хорооны ажлын алба, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцов. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн Д.Энхжаргал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулах болсон үндсэн шалтгаан, үндэслэл, үзэл баримтлал, хуулийн төслийн ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл