Цэс

Холбоо барих

МӨРДӨХ АЛБАНЫ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

МӨРДӨХ АЛБАНЫ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар  хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Ж.Батзандан

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөрдөх албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад гарч байгаа хүний наймаа, мөнгө угаах, хар тамхи, албан тушаалын гэмт хэрэг нь зохион байгуулалтын шинж чанартай болж, үйлдэх арга, хэлбэр нь улам нарийсч, үндэстэн дамнасан байдлаар үйлдэгдэх болжээ. Гэвч зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагууд нь салангид байдлаар тус тусдаа чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нь бүтэц, зохион байгуулалтын хувьд хангалтгүй байна.

Бусад улсын хувьд эдгээр төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа арга хэлбэр, туршлагаас үзвэл ихэнх нь бие даасан, хараат бус Мөрдөх албыг байгуулан ажиллуулж байна.

Манай улсын хувьд оновчтой зохион байгуулалт бүхий бүтцээр эдгээр төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх шаардлага зүй ёсоор гарч байна.

Иймд Мөрдөх албаны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Байнгын хорооноос уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтыг Ажлын хэсгийн ахлагчаар томилохоор тогтов.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Мөрдөх албаны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                                     Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл