Цэс

Холбоо барих

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлт

 Эдийн засгийн байнгын хорооны дарга, эрхэм гишүүд ээ,

        Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд гаргасан санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

            “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Ганбаатар, Я.Содбаатар, А.Тлейхан нар өвөлжилт хүндэрсэн зарим сумдын хүн эмнэлгийн төсвийн зардлыг нэмэгдүүлэх, хүүхдийн эмнэлгийн ачааллыг багасгах, хүүхдийн эмч бэлтгэх, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тендерийг зогсоох, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд ээлтэй, мэдээлэл сайтай орчныг бүрдүүлэх, тэдний оролцоо, хяналтыг сайжруулах, их, дээд сургуулиудын хотхон байгуулах асуудлыг эрчимжүүлэх, хүүхдийн хөгжлийг өртөгжүүлэн санхүүжүүлэх, багш нарын ажлыг дүгнэх аргачлалыг боловсронгуй болгох, тэднийг зөөврийн компьютерээр хангах, хөдөлмөр эрхлэлтийн талаар нарийвчилсан судалгаа хийх, дээд боловсролын магадлан итгэмжлэлийг чанаржуулах, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг асуудлаар Эрүүл мэндийн, Хөдөлмөрийн, Боловсрол, шинжлэх ухааны болон холбогдох албаны хүмүүсээс асууж, хариулт авлаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн оношилгоо, тоног төхөөрөмжийн үнэ, чанарт анхаарлаа хандуулах, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ээлтэй, хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн даатгалын байгууллага, даатгуулагчийн эрх үүрэг, хариуцлагыг сайжруулах, хүүхдийн эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, хүүхдийн эмчийг бэлтгэх, давтан сургах, хүн амын тоонд харьцуулан эмнэлэг барих, боловсролын салбарт дээд боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэх, их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийг чанаржуулах, хотхон байгуулах, яамдын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсаас гадаадад суугаа элчин сайдын яаманд боловсролын асуудал эрхэлсэн ажилтанг ажиллуулах, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах оюутнуудыг мэдээллээр хангах, шалгаруулалтанд шударга өрсөлдөөнийг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох  зэрэг саналуудыг гаргасныг үүгээр хүргүүлж  байна.

            Анхаарал тавьсанд баярлалаа.

 

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА З.БАЯНСЭЛЭНГЭ

        

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл