Цэс

Холбоо барих

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот



Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Б.Чойжилсүрэн

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан бөгөөд Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга, хэлбэр улам нарийсч, үндэстэн дамнасан зохион байгуулалтын шинжтэй болж байна. Монгол Улсад Террорист байгууллагад гишүүнээр элсэх явдал болон террорист үйл ажиллагаа болж байгаагүй хэдий ч эдгээртэй аливаа хэлбэрээр холбоотой тохиолдлууд гарахыг үгүйсгэх аргагүй байна. Иймд эдгээр төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хяналтын тогтолцоог сайжруулах, түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Уг хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ, Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, Ш.Түвдэндорж нар хуулийн төсөл дэх “улс төрд нөлөө бүхий этгээд” гэсэн нэр томъёог дэлгэрүүлэх, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагын дансаар мөнгө угаавал түүнийг хянах боломжтой эсэх, энэхүү хуулийг баталснаар Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-аас өгсөн зөвлөмжийг хангаж чадах эсэх, эдгээр төрлийн гэмт хэргийн манай улс дахь нөхцөл байдлын талаар судалгаа, мэдээллийн талаар болон сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэх үүрэгтэй этгээдүүд үүргээ биелүүлэхгүй бол түүнд ногдуулах хариуцлагын асуудлыг хэрхэн зохицуулсан зэрэг асуудлаар асуулт асууж, энэхүү хуулийг батлагдсаны дараа Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай болон холбогдох процессын хуулийг батлах бөгөөд ингэснээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх зөвлөмжүүдийг хангах боломжтой болохыг уг асуудлаар Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад хэлэлцүүлэхдээ мэдэгдэх нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                      Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл