Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН ДЭЭР УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГИЙН ХИЙХ МЭДЭЭЛЭЛ

2013.05.01
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа,
тулгамдаж байгаа асуудлын талаар


УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга аа, эрхэм гишүүд ээ.

Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаар энэхүү мэдээллийг хийж байна.

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж, 2011 онд 900 мян.тн, 2012 онд 2.5 сая тн нүүрс олборлож, 2011 оны 8 дугаар сараас 2013 оны эхнйи улирлын байдлаар нийт 2.7 сая тн нүүрсийг БНХАУ-д экспортлоод байна.

Цанхийн зүүн уурхайгаас 2013 онд 6 сая тн, 2014 онд 10 сая тн, 2015, 2016 онд 15 сая тн, 2017 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлосноор төслийн хүчин чадалдаа хүрэх юм. Тус уурхайд 2012 оны 2 дугаар сараас Австралийн "Макмахон" компани гэрээт олборлогчоор ажиллаж эхэлсэн.

2013 онд Цанхийн баруун уурхайгаас 1 сая тн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа ба энэ хэсэгт үндэсний компани болох “Хишиг арвин индустриаль” ХХК хөрс хуулалтын ажлыг 2013 оны 2 дугаар сараас эхлүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 64, 65 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй уялдуулан зохион байгуулж байна.

Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх үндсэн нөхцлийн нэг нь Хятад Улс, мөн гурав дахь хөршүүдэд нүүрс тээвэрлэх төмөр замын сүлжээг яаралтай барих асуудал юм. Манай улсын нүүрсний өнөөгийн зах зээл болох Хятадын эдийн засгийн өсөлт саарч, нүүрсний үнэ, худалдан авалт буурсан энэ үед Тавантолгойн ордоос олборлосон коксжих нүүрсийг гол хэрэглэгч болох Хятадаас гадна Япон, БНСУ-ын төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэхэд дэд бүтцийг бий болгох шаардлагатай байна.

Өнөөгийн байдлаар өмнөд хөрш рүү экспортолж байгаа нүүрсийг автомашинаар тээвэрлэж байгаа нь нүүрсний өртөг зардлыг асар ихээр нэмэгдүүлж байна. 2012 он, 2013 оны эхний улирлын байдлаар тээврийн зардал нь бүтээгдэхүүний бүрэн өөрийн өртгийн 40 орчим хувийг эзэлж байна. Ингэснээр ордын эдийн засгийн үнэлгээг өсгөх, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох замаар худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнэд ойролцоо үнээр бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдэх юм.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас төмөр замын суурь бүтцийн эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.доллар, Тавантолгойн уурхайг түшиглэн барих 450 МВт-ын цахилгаан станцад шаардагдах 50 сая ам.долларын хөрөнгийг 2013 онд “Чингис” бондын эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлээд байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж Голомт, Худалдаа хөгжлийн банкнаас 131 сая ам.долларын зээл, БНХАУ-ын “Чалко Трейдинг Хонконг Лимитед” компаниас 350 сая ам.долларын зээлийг нүүрсний урьдчилгаа төлбөрийн хэлбэрээр тус тус авсан. Өмнөх Засгийн газрын шийдвэрээр дээрх санхүүжилтээс 418 тэрбум төгрөгийг Монгол Улсын Хүний хөгжил санд төвлөрүүлсэн нь компани 2012 оны 7 дугаар сараас санхүүгийн хүндрэлд орох гол шалтгаан болсон юм.

Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр 2012 оны 10 дугаар сард 100 сая ам.доллар, 2013 оны 2 дугаар сард 100 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас тус тус олгосон. Эдгээр зээлээс дотоодын банкуудын зээл, хүүгийн төлбөрт нийт 110 сая ам.долларыг төлж үлдсэн хэсгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан боловч санхүүгийн байдал хүндрэлтэй хэвээр байна.

Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хятадын Чалко компанид 186 сая ам.доллар, Голомт банкинд 34 сая ам.доллар, туслан гүйцэтгэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд 37 сая ам.доллар, нийт 257 сая ам.долларын өртэй байна.

Хүний хөгжил санд нийт 418 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 2013 онд 95 тэрбум төгрөгийг татварын харилцан суутгал хэлбэрээр буцаан авахаар тохирч, 2013 оны улсын төсөвт суулгасан.

Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаах талаар зарим аж ахуйн нэгж, иргэний гаргасан хүсэлтийн дагуу хувьцааг нь эргүүлэн авах, төлсөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж, иргэний дансанд шилжүүлэх ажлыг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна..

2012 онд 1 тн нүүрсний олборлолтын зардал 25.3 ам.доллар, тээвэрлэлтийн зардал 23.9 ам.доллар, татварын зардал 7.2 ам.доллар, санхүүгийн зардал 4.3 ам.доллар, удирдлагын зардал 1.6 ам.доллар, нийт 62.4 ам.доллар байсан.

2013 онд нийт зардлыг 2012 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 5.3 ам.доллараар бууруулна. 1 тн нүүрсний олборлолтын өртгийг 3.5 ам.доллараар, тээврийн болон удирдлагын зардлыг тус бүр 1 ам.доллараар бууруулах зорилт тавьж байна.

Олборлолтын зардлын үндсэн хэсгийг бүрдүүлдэг түлшний зарцуулалтад тавих хяналтыг сайжруулснаар нэг куб метр уулын цулд 1.04 л түлш зарцуулж байсан бол 0.7 л болж буурсан. Уурхайн ээлжийн горимд өөрчлөлт оруулж, ажилчдыг онгоцоор бус автобусаар тээвэрлэх болсноор жилд нэг тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт гарах боломж бүрдэж байна.

Мөн компанид ажиллаж байсан гадаадын 2 захирлыг ажлаас чөлөөлснөөр жилд 1 тэрбум гаруй төгрөг, оффисын 3 байр түрээсэлж байсныг цэгцэлж 1 байранд төвлөрүүлснээр жилд 600 орчим сая төгрөг хэмнэх боломж бүрдсэн. 2013 онд нүүрс тээврийн автомашины 30 хувийг чиргүүлтэй явуулснаар тээврийн зардлыг 1 тонн тутамд 1-1.5 ам.доллараар бууруулах боломжтой болох юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК одоогоор зөвхөн нэг худалдан авагч буюу БНХАУ-ын “Чалко Трейдинг Хонконг Лимитед” компанид нүүрсээ борлуулж байна. Уг компанитай байгуулсан гэрээний дагуу 350 сая ам. долларын урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж дуустал нүүрсээ 100 хувь уг компанид нийлүүлэх үүрэгтэй. Гэрээнд 1 тн нүүрсний суурь үнийг 70 ам.доллараар тогтоож, борлуулах үнийг Хятадын дотоод үнийн 4-н индекст тулгуурлан улирал тутам шинэчлэн тогтоож байхаар тусгасан. Энэ аргачлалаар тогтоосон 1 тн нүүрсний үнэ өмнөх улиралд 53.6 ам.доллар, өнөөдрийн байдлаар 55.9 ам.доллар байна.

Гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар Хятадын Чалко компанитай удаа дараа яриа хэлэлцээ хийсний дүнд уурхайн дэргэд гүний гааль байгуулж, нүүрс борлуулах цэгийг өөрчлөх замаар зардлыг бууруулахаар хоёр тал тохиролцоод байна.

Тулгамдаж буй асуудлууд

1. Чалко компаниас авсан урьдчилгаа төлбөрийг нүүрсээр төлж барагдуулахад уурхайн өнөөгийн хүчин чадлаар 4-5 сар шаардлагатай. Энэ хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт болон дэд бүтцийн томоохон төслийн санхүүжилтийн асуудал хүнд байна.
2. Цанхийн баруун хэсгийн олборлолтыг эхлүүлэх.
3. Бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулж компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх /гүний гааль байгуулж, уурхайгаас шууд экспортод гаргах, компанийн менежментийг сайжруулж, удирдлагын зардлыг бууруулах г.м/
4. Өмнөд хөршийн бусад компаниудад нүүрсээ худалдаж өрсөлдөөнөөр борлуулах үнийг нэмэгдүүлэх, гурав дахь хөрш орнуудад “Эрдэнэс Тавантолгой” компани шууд өөрөө нүүрсээ худалдах, аль ч тохиолдолд нүүрсний эцсийн хэрэглэгчдэд борлуулж байгаа үнэ ил тод байх зэрэг зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Чалкотай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Цаашид авах арга хэмжээний талаар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх нэг хувилбар нь Цанхийн баруун хэсэгт олборлолтыг эхлүүлж бүтээгдэхүүн борлуулах явдал юм.

Төмөр зам, цахилгаан станцын төслийн асуудлыг шийдсэний дараа Эрдэнэс Тавантолгойн оператор компанийн асуудлыг шийдвэрлэнэ. Улмаар дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ тогтвортой болж ирмэгц IPO хийх бэлтгэл ажлыг хангах, мөн гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах боломж бүрдэнэ. Угаасан нүүрсийг урт хугацаанд худалдах, худалдан авах тухай гэрээ хийгдэнэ. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн болон иргэдийн 1072 хувьцааны үнэ цэнэ нэмэгдэх юм.

Дээрх үндсэн зорилтоос гадна компанийн өртөг зардлыг бууруулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Нүүрс тээвэрлэх авто замын түрээсийн үнийг багасгаснаар 1 тн нүүрсний тээврийн зардлыг 2-2.5 ам.доллараар бууруулна.
  • Уурхай дээр гүний гааль байгуулснаар тээвэр, ложистикийн зардлыг 5 орчим ам.доллараар бууруулах боломжтой.
  • Төмөр замыг барьж, ашиглалтад оруулснаар тээврийн зардал 60 орчим хувиар буурах боломжтой.
  • Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газартай транзит тээвэр, тарифын асуудлыг тохиролцвол тус компанийн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах, улмаар үнэ хүргэж борлуулах боломжтой болох юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл