Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, ЕКГ БОЛОН КОНСУЛЫН ГАЗРЫГ ГАДААДЫН ЗАРИМ УЛСАД НЭЭН АЖИЛЛУУЛАХ САНАЛЫГ ЗӨВШИЛЦСӨН ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын болон Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай саналыг зөвшилцөхөөр ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Уг асуудлыг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, М.Батчимэг нар Засгийн газраас зөвшилцөхөөр ирүүлсэн саналын танилцуулгад Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээх үндэслэл, зорилго, ач холбогдлыг оновчтой тусгаагүй байгааг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Монгол Улсаас гадаад улсад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрын түвшин, байршлыг зөв тогтоох, гадаад улсад ажиллаж байгаа болон шинээр нээх Элчин сайдын яамдын ашигтай байршилтай барилгуудыг худалдан авч гадаад дахь Монгол Улсын үндсэн хөрөнгө бүрдүүлэхэд хөрөнгө оруулах асуудлыг анхаарч ажиллах санал гаргаж Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл хэлэлцэж байгаа асуудлыг дэмжээд Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, байрны асуудлыг талаарх мэдээллийг Байнгын хороонд танилцуулсны үндсэн дээр Байнгын хорооны тогтоол гарган Элчин сайдын яамдын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг 4-5 жилийн хугацаанд шат дараатайгаар Монгол Улсын төсөвт тусган шийдвэрлэх боломжтой гэсэн санал гаргасан.

Улсын Их хурлын гишүүн М.Батчимэг Дипломат төлөөлөгчийн газруудыг шинээр нээн ажиллуулахаас гадна одоо гадаадад ажиллаж байгаа дипломат байгууллагуудын ажлын үр дүнг дээшлүүлэх, тэдгээрийн боловсруулсан судалгаа, мэдээллийг Гадаад харилцааны яам шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж байгаа байдалд дүн шинжилгээ хийх, дипломат албаны нэр хүнд, ач холбогдлыг бууруулсан мэргэжлийн бус томилгоо хийхгүй байх, Монгол Улсын гадаад бодлогыг нөлөөтэй, нэр хүндтэй байлгахын тулд Гадаад харилцааны яамны чадавхи, хүний нөөцийг бүх талаар бэхжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнд Байнгын хороо, Улсын Их Хурал бодлогын хэмжээнд дэмжин ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Л.Цог, Ц.Цолмон нар дэмжсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гадаад харилцааны яам гадаад бодлогын залгамж чанарыг үргэлжлүүлэх авч явах механизм юу байж болох тал дээр анхааран ажиллах, дипломат ажилтнуудыг бэлтгэх, сургах асуудал хангалтгүй байгаа ба ялангуяа Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын ажилтнуудын хэлний мэдлэг, судалгаа, дүн шинжилгээ хийх чадварыг дээшлүүлэн бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай байгаагаас гадна батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа өргөжиж байгааг харгалзан зарим Элчийн сайдын яамдад цэргийн атташе орон тоо бий болгон томилох асуудлыг шийдвэрлэх зэрэг санал гаргасан.

Гадаад харилцааны яамыг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх асуудал зайлшгүй анхаарах зүйл гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор дэмжээд цаашдаа дипломат ажилтнуудыг ямар бодлогоор, хаана, хэрхэн бэлтгэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн санал гаргаж тус Байнгын хороо, Улсын Их Хурлаас Гадаад харилцааны яамыг дэмжин ажиллахад нь яам өөрөө шаардлагатай мэдээлэл, судалгаагаар шуурхай ханган ажиллахыг анхаарууллаа.

Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хотод Элчин сайдын яам, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээх, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хайлаарт Консулын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах Засгийн газрын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн болно. .

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 431.1-д заасны дагуу энэхүү санал, дүгнэлтийг гаргасан болно.



АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                            Ц.ЦОЛМОН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл