ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААРХ БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ
2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Н.Батцэрэг, Г.Баярсайхан, С.Баярцогт, Б.Болор, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Ё.Отгонбаяр, Л.Цог, Ж.Эрдэнэбат нарын санаачлан боловсруулж, 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах санал дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын түймрийн аюултай үед ойд хориглох үйл ажиллагаа, ойг хамгаалах талаар иргэд, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг, хариуцлагыг сайжруулах, ойн нөөцийн судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ойн тооллого, зохион байгуулалтын ажлын хүрээг өргөтгөж, хүлэмжийн хийн шингээх чадавхи, биомассын үнэлгээний түвшинд хийх зохицуулалтыг бий болгох зорилгоор санаачлагчид нь дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл ойн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжид ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтны эрх, үүргийг байгаль хамгаалагчид шилжүүлсэн зохицуулалт хийж байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай зөрчилдөж байна, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл байгаль хамгаалагч түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх зөвшөөрлийг олгох шийдвэр гаргахад иргэд, нөхөрлөлийн оролцоог хангах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН