Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тойм

Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14.00 цагт 334 тоот өрөөнд болов.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, А.Тлейхан, Л.Энх-Амгалан, ажлын дэд хэсгийн гишүүд болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан удирдан чиглүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээнд олгогдсон санхүүжилтэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ.
Ажлын хэсэг Баянгол эрүүл мэндийн нэгдэл, П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газар, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Оргил рашаан сувилал болон даатгалын байгуулагатай гэрээ бүхий Монос /Хан-Уул дүүргийн/ эмийн сангийн үйл ажиллагаа болон даатгуулагчдад үзүүлж байгаа тусламж үйлчилгээний байдалтай газар дээр нь танилцлаа.
Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан мэргэжлийн хяналтын болон Аудитын үндэсний газраас эдгээр эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулганд хавсарган Байнгын хорооны хуралдаанд танилцуулах, мөн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Байнгын хорооноос гаргах тогтоолын төслийг сайтар боловсруулахыг ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгов.
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, А.Тлейхан нар хяналт шалгалтын явцад гаргасан саналуудыг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд тусгах, төрөөс төлөх даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг даатгалд хамруулах, хөнгөлөлттэй олгож байгаа эмийн жагсаалтыг гаргахдаа даатгуулагчийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, өвчний онош, зонхилон тохиолдох өвчлөлийн байдалтай нийцүүлэн жагсаалтыг боловсруулах аргачлалыг шинэчлэх, амбулаторийн өдрийн эмчилгээ, жижиг мэс ажилбар, физик эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын багцын үйлчилгээнд хамруулах, даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг бодит өртөгтэй уялдуулан шинээр тогтоох зэрэг саналуудыг Ажлын хэсгийн санал дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой хэрэгжүүлж байгаа дүрэм, журмаа шинэчлэн боловсруулах шаардлагатай байгааг онцлон дурдаад тухайн жилийн улсын төсвийн 10-аас дээш хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг олон улсын жишгийг судалж, асуудалд хариуцлагатай хандахыг санал болголоо.
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан даатгуулагчаас гаргаж байгаа нэмэлт зардлыг багасгах, эрүүл мэндийн байгууллага, даатгалын байгууллага хоорондын цахим системийг шинэчлэн сайжруулах, эрүүл мэндийн даатгалын санхүүгийн менежментийг сайжруулах зэрэг асуудлыг Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гэв.
Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан Ажлын хэсгийн санал дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолын төслийг сайтар боловсруулахыг Ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгов.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл