Цэс

Холбоо барих

ТЕРРОРИЗМТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСЭН ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан дагалдах Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хийлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан нар хуулийн төслийн 3.1.5 дахь заалтын “террорист этгээд” гэснийг “террорист хүн” өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй болно. Мөн гишүүдийн гаргасан 6.1.4 дэх заалтад “Тагнуулын байгууллагын” гэснийг “Тагнуулын ерөнхий газар” гэж өөрчлөх саналыг хэлэлцээд “Тагнуулын байгууллагын” гэснийг “терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага” гэж өөрчлөхийг Байнгын хорооны гишүүдийн олонхиор дэмжсэн болно. Хуулийн төслийн 7.1.7 дахь заалтын “хувь” гэснийг хасах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.2-д заасны дагуу Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт, саналын томъёоллыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Байнгын хороог төлөөлж санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов.


АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                               Ц.ЦОЛМОН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл