Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тойм


Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 13.00 цагт Төрийн ордны “Г” танхимд болов.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, С.Одонтуяа, С.Эрдэнэ, Л.Энх-Амгалан, ажлын дэд хэсгийн гишүүд болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа удирдан чиглүүлж, хуулийн төсөлтэй холбогдуулан хийсэн яамдын тооцоо судалгаа болон тэдгээрийн саналыг хуулийн төсөлд тусгах асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хороо хуулийн төслийн ажлын дэд хэсгийн хуралдааныг хоёр удаа зохион байгуулж, ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийн зүйл, заалт бүрээр ярилцан холбогдох яамд хуулийн төсөлд тусгах саналаа Байнгын хороонд ирүүлэхээр тогтсон. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцах иргэдийн шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцоо судалгаа хийснээ танилцуулав. Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, өндөр өртөгтэй эмчилгээ, тусламж үйлчилгээний талаар хийсэн судалгааг дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахаар болов. Яамнаас гаргасан судалгаагаар төр 1.5 сая иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцах бөгөөд тэдний 936 мянган хүүхэд, 226 мянган тэтгэвэр авагчид, хүүхдээ асарч байгаа 90 мянган эхчүүд, 60 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 155 мянган оюутнууд байна гэлээ.
Шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь байхаар тооцоо хийхэд улсын төсвөөс 50.9 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хуулийн төслийг Байнгын хороогоор яаралтай хэлэлцүүлэхийг санал болгов. Тэрээр эмнэлгүүдийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болгосноор даатгагч, даатгуулагчийн үүрэг хариуцлага, эрүүл мэндийн салбарын өрсөлдөөн, иргэдийн эмчилгээ, тусламж үйлчилгээ авах сонголтыг нэмэгдүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хугацаа шаардлагатайг дурдаад эхний үед магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулан урьдчилсан байдлаар санхүүжүүлэх, аажмаар гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг зарчимд шилжиж болно гэв.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хуулийн төсөлтэй холбогдуулан сумдын эмнэлгийн харилцаа холбоо, техник технологийн чадавхийг сайжруулах шаардлага байгааг онцлон дурдав.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг болсныг дурдаад өрхийн даатгалыг бий болгосноор даатгуулагч гэр бүлийн гишүүддээ цахим картаа шилжүүлэн хэрэглэх боломжтой болох, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэнийг бодитойгоор харуулна гэв.
Ажлын дэд хэсгийн гишүүд эмийн үнийн хөнгөлөлт, даатгалын хяналтын системийг сайжруулах, эмийн үйлдвэрлэл, импортын эрх авсан эм, эмнэлгийн байгууллагад хяналт тавих, шатлал харгалзахгүйгээр эмийн жор бичдэг болгох, хавсарсан оноштой өвчнүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг гаргалаа.
Ажлын хэсгийн гишүүд болон холбогдох яамдаас ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусгаж, дараагийн 5 дах өдрийн ажлын хэсгийн хуралдаан дээр хуулийн төслийн саналын томъёоллоор санал хураалт явуулахаар харилцан тохиролцов.
Хуралдаан 16.00 цагт өндөрлөв.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл