Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлт

2012 оны 10 дугаар                                                                                                                                                                                                       Улаанбаатар

 сарын 17-ны өдөр                                                                                                                                                                                                                    хот

   

                                                                                                                                                                                              Илтгэгч нь: УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын

                                                                                                                                                                                                  хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат 

            Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

           Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг  2012 оны 6 дугаар  сарын 13-ны  өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.   

           Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн эхний хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлсэн билээ.

Улсын Их Хурлын Байнгын хороод 2012 оны 10 дугаар сарын 9-16-ны өдрүүдэд Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд санал, дүгнэлтээ ирүүлсэн байна.

           Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2011 оны гүйцэтгэлээр 4,468.2 тэрбум Монгол Улсын нэгдсэн төсвийн 2011 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 4,227.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 104.4 хувийн биелэлттэй, нийт зарлага 4,997.0 тэрбум төгрөг буюу 98.2 хувийн биелэлттэй гарчээ.

            Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 86.8 хувь нь татварын орлогоор, 12.9 хувь нь татварын бус орлогоор, 0.3 хувь нь хөрөнгийн орлогоор тус тус бүрдсэн байна. Тогтворжуулалтын санд 241.0 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Уул уурхайн салбараас орсон татварын орлогын хэмжээ 2011 онд 1,2 орчим их наяд төгрөг хүрч, өмнөх оныхоос 308,3 тэрбум төгрөгөөр буюу 35,2 хувиар өсчээ.

Улсын төсөвт татварын орлогоор 2011 онд 2,479.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2,461.7 тэрбум төгрөг төвлөрүүлж 99.0 хувийн биелэлттэй байна. 

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараар Хүний хөгжил санд 73.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 55.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, 18.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө тасарчээ.

           Монгол Улсын нэгдсэн төсвийн 2011 оны нийт зарлага 98.3 хувийн гүйцэтгэлтэй гарсныг дээр дурьдсан билээ.

           2011 онд нийт 933.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр хуульчлан баталсан бөгөөд 2011 оны гүйцэтгэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 899.9 тэрбум төгрөгийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлжээ. Энэ нь батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 96.4 хувь болж байна. 

            Монгол Улсын Засгийн газар 2011 оны санхүүгийн жилд гадаад зээлийн үйлчилгээний төлбөрт нийт 110.6 тэрбум төгрөгийг төлөвлөснөөс 103.0 тэрбум төгрөг төлж 93.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнийг бүтцийн хувьд авч үзвэл Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 77.0 тэрбум төгрөг, гадаад зээлийн хүүгийн төлбөрт 26.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

            Тайлант онд дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтөөр 18.9 тэрбум төгрөг, хүүгийн орлогоор 15.4 тэрбум төгрөг, нийт 34.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн байна.     

           Хүний хөгжил санд 297.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас 5.4 хувиар их буюу 314.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Харин Хүний хөгжил сангаас санхүүжүүлэх нийт зардлын хэмжээг 828,4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд төлөвлөснөөс 2.9 хувиар бага буюу 804.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарчээ. 

            Орон нутгийн 2011 оны төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 580.0 тэрбум төгрөгт хүрч орлогын бүрдүүлэлт 106.5 хувийн биелэлттэй, нийт зарлага 521.5 тэрбум төгрөг буюу 90.2 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.     

Нийгмийн даатгалын сангийн зардалд 2011 онд 618,6 тэрбум төгрөг төлөвлөснөөс 600,2 сая төгрөгийг зарцуулж, 97.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Монгол Улсын Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 54.1, 54.2 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2011 оны гүйцэтгэлтэй хамт Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, Засгийн

газрын шугамаар авч ашиглаж буй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл сангуудын дүнг нэгтгэх замаар улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг удирдамж болгон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг гаргажээ. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

            Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Улсын Их Хурлын Байнгын хороод хэлэлцээд төсвийн гүйцэтгэлийг батлах саналаа  ирүүлсэн байна.

            Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад гарч байгаа зөрчлийг аудитын байгууллага ил тод мэдээлж байх, зарим яамд аж ахуйн асуудалд дэндүү их хутгалдаж байгаад анхаарч, бодлогоо зөв тодорхойлж хэрэгжүүлэх, тендерийг цаг тухайд нь зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулан ажлыг шуурхай гүйцэтгэдэг байх, хөдөө аж ахуйн салбарт зарцуулсан хөрөнгийн үр ашиг муу байгаад анхаарах, үүний тулд эрхэлсэн сайд нарын мэдээллийг Байнгын хороод сонсож байх нь зүйтэй гэж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо үзсэн байна.

            Аудитын байгууллага өгсөн зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хэрхэн хангасан талаар санаачлагатай ажилладаг байх, төсвийн гүйцэтгэлийн талаар өмнөх жилүүдтэй харьцуулсан судалгааг сүүлийн 5 жилээр гаргаж Улсын Их Хурлын гишүүдэд мэдээлэл өгөх хэрэгтэй байна гэж Төрийн байгуулалтын байнгын хороо үзсэн байна.

             Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцээд "Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй үзсэн болно.

           Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэн, баталж өгөхийг хүсье. 

            Анхаарал тавьсанд баярлалаа.

 

ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН

ДЭД ХОРООНЫ ДАРГА                                                  Ж.ЭРДЭНЭБАТ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл