Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 37 дахь дугаарын тойм

Долоо хоног тутмын хэвлэл- “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай , Алтай ханы Таванбогд уул болон Говь гурван сайхан уулын Их Тахилгат хайрханыг төрийн тахилгатай болгох тухай” зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг тус тус нийтэллээ.

Үе үеийн Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан байна. Энэ зарлигаар олимпийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг тогтоосон бөгөөд урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах, урамшуулал олгоход тавигдах баримт бичгийн шаардлага, олгох журмыг холбогдох байгууллагууд хамтран баталж хэрэгжүүлэх, шаардлагатай бол урамшууллын хэмжээг төгрөгийн ханштай уялдуулан шинэчлэн тогтоож байхаар заасан байна.

Урамшуулал олгох ажлыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхийг Засгийн газарт чиглэл болгосон ба Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай, нас барсан тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал 1 жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгохоор зарлигдсан байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг нээлттэй болгох тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.Тогтоолын дагуу Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейг 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн олон нийтэд нээж, байнгын үйл ажиллагаатай болгожээ. Мөн Монгол төрийн түүхийн музейг иргэд үзэж танилцуулах маршруутыг тогтоолын хавсралтаар баталсныг эмхэтгэлд нийтэллээ.

Эмхэтгэлд Журамд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв.

Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ Төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох тухай” тогтоол гаргажээ.Түүгээр төрийн албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа компьютерийг интернэтээс тусгаарлах, тухайн компьютерээс мэдээлэл хуулах, мэдээлэл гадагш гаргах аливаа эх үүсвэр, оролтыг хаах, шаардлагатай мэдээллийг зөвхөн албаны электрон шуудангийн хаягаар хүлээн авах техникийн боломжийг бүрдүүлж, төрийн байгууллагуудад үүсгэсэн утасгүй интернэтийн бүсийг Төрийн ордноос бусад газарт хааж, тодорхой зөвшөөрөгдсөн газарт ашиглах нөхцөл бүрдүүлэн шаардлагатай дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэх, төрийн албан хаагчид албан ажлынхаа хүрээнд интернэт ашиглах боломж бүхий орчин бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, Төрийн ордны мэдээллийн сүлжээ, дэд бүтэц байгуулах ажлыг уялдуулан зохион байгуулахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тус тус даалгасан байна.

Мөн дугаарт, Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Тогтоол ёсоор нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлд байршин, үйл ажиллагаа явуулдаг яам, төрийн захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00 цаг, ажил дуусах цагийг 17.00 цаг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00 цаг, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 цаг байхаар тогтоож 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр ийнхүү тогтоожээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци



2012 оны 10 дугаар сарын 5
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл