Цэс

Холбоо барих

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ /2013.05.15/

Байгаль орчин, хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны 09 тоот тогтоолоор байгуулагдсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14.23 цагт Төрийн ордны А танхимд эхлэв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг, Ц.Цолмон болон ажлын дэд хэсгийн гишүүд болох Байгаль орчин,хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Р.Батсүх, референт З.Оюунсүрэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт Д.Энхмаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрлэл, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Батцэцэг, Х.Золжаргал, Эрүүл мэндийн яамны эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Адъяахорол, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, мөн газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Итгэл, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын хэлтсийн мэргэжилтэн Б.Энхтунгалаг нар оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан удирдан явуулж, ажлын дэд хэсгийн гишүүд болон удирдамжийг танилцуулав. Ажлын дэд хэсгийн гишүүдээс ажлын дэд хэсэгт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мал аж ахуй, газар тариалан хариуцсан мэргэжилтнийг татан оролцуулах, ард иргэдийн санал бодлыг түлхүү сонсох, ажлын хэсгийн гишүүд хуваарь гарган хуваагдан ажиллах, хилийн боомт дах лаборатори иж бүрэн шинжилгээг хийж чадаж байгаа эсэхийг тодорхойлох, хүнсний аюулгүй байдал ноцтой зөрчигдөж байгаа задгай захуудаар явж үзэх, итгэмжлэгдсэн лабораториуд хүнсний аюулгүй байдалтай холбоотой ямар ямар үзүүлэлтүүдийг хийж байгаа эсэхийг тодруулах зэрэг саналуудыг хэлж ажлын хэсгийн гишүүд дэмжлээ. Ажлын хэсэг ирэх 7 хоногт дахин хуралдахаар болов.
Хуралдаан 14.45 цагт өндөрлөв.
Тойм бэлтгэсэн: Г.Алтанцэцэг
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл