Цэс

Холбоо барих

Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2016 ОН ХҮРТЭЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН талаар байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар  хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар

Хууль зүйн байнгын хорооны дарга, эрхэм гишүүд ээ,

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.2-т заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн анхны хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

“Үндсэн чиглэл”-ийн анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлтийг танилцуулъя.

Нэг.Анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүд Үндсэн чиглэлтэй холбогдуулан дараах зарчмын шинжтэй саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно:

Улсын Их Хурлын тухай хуулийн 20.2-т заасны дагуу газрын нэгдсэн бодлого, зохицуулалт, газрын кадастр, зураглалын асуудал нь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах учраас Газрын багц хуулийн төсөлд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хяналт тавих нь зүйтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, А. Бакей нар

Даатгалын бодлого нь Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул Малын болон тариалангийн даатгалын тухай хуулийн төсөлд Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамт Эдийн засгийн байнгын хороо хяналт тавих нь зүйтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн А. Бакей

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул “Эдийн засгийн байнгын хороо” гэснийг “Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо” гэж өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг

2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Биоаюулгүй байдлын тухай Картагены протоколын хариуцлага ба хохиролгүй болгох Нагоя-Куала Лумпурын Нэмэлт протокол, түүнчлэн Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протоколыг соёрхон баталсан тул төслийн нэг дэх хэсгийн 22-23 дахь заалтыг хасах, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагыг дахин хянан үзэх шаардлагатай байгаа тул төслийн нэг дэх хэсгийн 24 дэх заалтыг хасах саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун

Хоёр.Хэлэлцүүлгийн шатанд төслийг Үндсэн чиглэлд шинээр нэмж тусгах саналыг гаргаж, санал хураасан болно.

Органик хүнсний тухай хуулийн төсөл, “Ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэмэх саналыг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл нар, Экологийн нөхөн төлбөрийн тухай хуулийн төслийг нэмэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар

“Орхон голын нэрийг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэмэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү гаргав.

“Ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Экологийн нөхөн төлбөрийн тухай хуулийн төслийг Үндсэн чиглэлд нэмэх санал Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Харин Органик хүнсний тухай хуулийн төсөл, “Орхон голын нэрийг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Үндсэн чиглэлд нэмэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.10-д заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэн санал хурааж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл