МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ
2012 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 16-ны өдөр хот
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Байнгын хороодод шилжүүлсэн билээ.
Хууль зүйн байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12-т заасны дагуу эрхлэх асуудлынхаа хүрээнд дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Ж.Батзандан нараас Авлигатай тэмцэх газрын авто зогсоолын барилга бариулахад шаардагдах 310.0 сая төгрөгийн зардлыг тус газрын 2013 оны төсөвт нэмж тусгах асуудлыг зарим аймгуудад барихаар төсөвлөгдсөн цэнгэлдэх хүрээлэнгийн зардалд зарцуулагдах төсвөөс хасах замаар зохицуулж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно.
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд бүхэлд нь дэмжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу гишүүдээс гарсан саналыг тус Байнгын хорооны санал, дүгнэлтэд хавсарган Төсвийн байнгын хороонд хүргүүлж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ