Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТУХАЙ АСУУДЛААР ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТУХАЙ АСУУДЛААР ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН  САНАЛ, ДҮГНЭЛТ


2013 оны 5 дугаар сарын 22 -ны өдөр

Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт

 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ.

 Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

            Засгийн газар макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийн түвшинг 6,0 хувьд барих, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 16.0 хувьд хүргэх,  төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлж, агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, барилгын материалын импортыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, орчны бохирдлоос хамгаалж, доройтлыг бууруулж, ногоон хөгжлийг бий болгох, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, “Сум” төслийг хэрэгжүүлж эхлэх, “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж цалин хөлсний бодлогыг шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улмаар өсөлтийг бататгах боломжийг бүрдүүлж байна гэж тус Байнгын хороо үзэж байна.

            Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.           

            Төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах тодорхой механизмыг үндсэн чиглэлд тусгах, гишүүн С.Одонтуяа  сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хүн амынх нь тоонд хамааруулж механик аргаар бус, эдийн засгийн хөгжлийн бүсүүдэд харгалзуулан зарим сумдыг түлхүү дэмжих байдлаар хуваарилж байх, нийслэл хотын эдийн засгийн асуудлыг анхаарах, тухайлбал, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх гэх мэт өндөр өртөг зардал бүхий төсөл, арга хэмжээний эдийн засгийн үр ашгийн нарийвчилсан тооцоо, судалгааг хийдэг байх зэрэг  саналыг гаргаж байлаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Tа бүхнээс хүсье.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.ГАРАМГАЙБААТАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл