Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг хуралдлаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 03 тоот тогтоолоор байгуулагдсан Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15.00 цагаас Төрийн ордны “В” танхимд боллоо. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан болон дэд ажлын хэсгийн гишүүд болох Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөх Ж.Чимгээ, Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Дамдиндорж, тус яамны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Барилгын хөгжлийн төвийн дарга Б.Баярсайхан, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын 1 дүгээр хэлтсийн захирал Г.Гүнжидмаа, тус газрын шинжээч М.Доржмаа, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга н.Даваасүрэн, хэлтсийн дарга н.Гантулга, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн дэд захирал Т.Алтангэрэл, Ус сувгийн удирдах газрын хэлтсийн дарга н.Батсүх, Монголын Барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Б.Ганзориг нар оролцлоо. Хурлыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг удирдан явуулж, ажлын дэд хэсгийн гишүүдэд удирдамжийг танилцуулав. Тус ажлын хэсэг нь улсын хэмжээнд баригдаж буй эмнэлгийн 36 барилгаас нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа болон холбогдох техникийн нөхцөл шийдвэрлэгдээгүйн улмаас зогсонги байдалд орсон 29, үүнээс Улаанбаатар хотод баригдаж буй 9 эмнэлгийн барилгын явц байдлыг газар дээр нь үзэж танилцах, холбогдох яам, Үндэсний аудитын газраар үнэлэлт, дүгнэлт гаргуулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар ярьж тохиролцлоо. Ажлын хэсгийн гишүүд ирэх 7 хоногт Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзах, зарим эмнэлгийн барилгын явц байдалтай танилцахаар болов.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл