Цэс

Холбоо барих

Агаарын бохирдлын эх үүсвэрийг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо

    Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос өнөөдөр (2020.09.14) “Агаарын бохирдлын эх үүсвэр, түүнийг хэрхэн бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. 



    Хурлыг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг даргалан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Дамдинням, Т.Доржханд, Х.Булгантуяа, П.Анужин, Ж.Батжаргал, Д.Сарангэрэл болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, “Таван толгой түлш” ХХК, “Газком” ХХК-ийн төлөөлөл оролцов. 


    Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2025 он хүртэл нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна гэж заасан. Ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах боломжтой. Энэ жил сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж галлагааны горимд өөрчлөлт оруулснаар агаарын бохирдлуудын тодорхой үзүүлэлтүүдийг 50 хувь хүртэл бууруулсан. Нийслэлийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сараас гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангаж, 35.370 айл өрхийг цахилгаан болон бусад эх үүсвэрт, 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 109 аж ахуйн нэгжийн 236 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зуухыг цахилгаан халаалтад шилжүүлж, нийт  78 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бодитойгоор бууруулаад байна. 2019-2020 оны халаалтын улиралд нийт 524 мянган тонн сайжруулсан түлшийг гэр хорооллын айл өрхүүд хэрэглэсэн. Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулалд 4.0 тэрбум төгрөг, тээвэрлэлтийн зардалд 8.9 тэрбум төгрөгийг нийслэлийн 2020 оны төсвөөс зарцуулаад байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр 1000 тонны багтаамж бүхий 5 агуулах, 107 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 57 байршилд агуулах барьж ашиглалтад оруулсан. Түүнчлэн 200 мянган ширхэг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөөс 162469 ширхгийг айл өрхүүдэд суурилуулсан гэж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав. 


    Харин 2020-2021 оны халаалтын улирал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсэд Баянзүрх дүүгийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороод нэмэлтээр орсон байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж, 1000 борлуулалтын цэг байгуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/864 дугаар захирамжаар сайжруулсан түлшийг дүүрэг тус бүрд 60 мянган тонноос багагүй хэмжээгээр нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ 72 мянган тонн түлшний нөөцийг бүрдүүлжээ. 

    Гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээний зуухны MNS5216:2016 стандартыг хангуулах, зөв галлагааны зөвлөмжийг өгөх, зуухны битүүмжлэлийг шалгах, гэр байшин сууцны агаар сэлгэлтийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийг ашиглах заавар зөвлөгөөг иргэдэд өгөх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгааг хэллээ. 


    Мэргэжлийн хяналтын байгууллагаас 8 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгт 32 улсын байцаагч, 24 цагаар хяналт шалгалт хийж байгаа. Хяналт шалгалтаар 197.6 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсаныг Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, Амгалан дулааны цахилгаан станцад төвлөрүүлжээ. 

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлш, үйлдвэрт хийсэн шалгалтаар 95 заалттай 4 мэдэгдэл, 32 заалттай 2 албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд 70 хувийн биелэлтийг хангаад байна. Тухайлбал, лабораторийн шинжилгээний дүнгээр шахмал түлшний чийглэг, үнслэг, дэгдэмхий бодис, нийт хүхэр, илчлэг, бат бөх чанарын үзүүлэлтүүд нь сайжруулсан түлшний MNS5679:2019 стандартыг хангасан байна. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчид хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүйг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. 



    Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт барьж эхэлжээ. 

Шахмал түлшний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаан хангамжийн ажлын өнөөдрийн байдлаар 60 орчим хувьтай байна. 

    Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх сард бүрэн ашиглалтад орох юм. Сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн  бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж.

Ингэснээр цагт 30 мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Дараагийн ээлжийн A, B блок үйлдвэрүүд ирэх аравдугаар сарын дундуур ашиглалтад орохоор төлөвлөжээ. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг ээлжид 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ хэмээн Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан  хэллээ.

Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн. Мөн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болно гэв.


    “Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миньяагийн өгсөн мэдээллээр нийслэлийн төвийн зургаан дүүрэг, 100 хороодын 2000 орчим айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ. Энэ өвөл түлш борлуулах 1000 цэг ажиллуулах бөгөөд 200 өрхийн дунд нэг борлуулалтын цэг ажиллуулахаар тооцжээ. Одоогийн байдлаар хуучин 250 борлуулалтын цэгтэй гэрээгээ байгуулсан, шинэ 600 цэгийн бүртгэлийг хийж байна. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 81 борлуулалтын цэг ажиллаж байна. Ирэх сарын 01 гэхэд бүх борлуулалтын цэгийг ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн “Таван толгой түлш” компани Хэрэглэгчдэд үйлчлэх албатай болж байгаа бөгөөд нэг хүн 200 өрхөд хяналт тавьж ажиллахаар болжээ. Борлуулалтын цэг дээр түлшний хомсдол үүсгэхгүйн тулд түлш их хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, шууд нийлүүлэх арга хэмжээг авна. Ингэснээр борлуулалтын цэг дээр айл, өрхөд зориулсан түлш нийлүүлнэ. Том байшинтай айл, өрхийн судалгааг хийж, хангалттай түлшээр хангахаар ажиллаж байна гэлээ. 



    Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 хувийг гэр хороолол, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 6 хувийг дулааны цахилгаан станц, 4 хувийг хог шороо, хөрсний бохирдол эзэлдэг байна. 

Өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх явцад зарим айл өрхүүд түлшийг хэрхэн зөв хэрэглэх, байрны доторх агаарын бохирдлоос хамгаалах, орон байраа зөв дулаалах мэдлэг, мэдээлэл дутмаг байснаас үүдэн иргэд зарим тохиолдолд угаартах, амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Энэ жилээс өвөлдөө эртнээс бэлдэх, эрсдэл гаргахгүй байх үүднээс иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан “Яндангаа хөөлье” аяныг мэргэжлийн байгууллагуудтай хамтран эхлүүллээ.

    Аяны хүрээнд зорилтот олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм. Өнгөрсөн жил айл өрхүүдээр явж яндан хөөлсөн 100 гаруй мэргэжлийн засварчид байгаа бөгөөд энэ жилийн хувьд нэмж 300 залуусыг мэргэжлийн яндан хөөлөгч болгохоор зорьж байгаа юм байна. 

Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос лааз, хуванцар хог хаягдлыг шахан, нягтруулах 22 төхөөрөмжийг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газруудад хүлээлгэн өгчээ.

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Улсын хэмжээнд жилд 3.4 сая тонн хог ялгардгийн 1.2 сая нь Улаанбаатар хотод байна. Нийт хогийн 10-15 хувь нь хуванцар хаягдал. Хуванцар нь хөнгөн боловч овор хэмжээ ихтэй учраас олон удаа тээвэрлэх шаардлага гардаг. Тиймээс 21 аймаг болон аялал жуулчлалын томоохон бүс, тусгай хамгаалалтын газруудыг уг төхөөрөмжөөр хангаж байна. Байгальд уусдаггүй 200-400 жил болдог хортой хуванцрыг шатаавал агаарт хорт бодис ялгарч улмаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Цаашид хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогийг ангилан боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг болох зэрэг үйл ажиллагааг төлөвлөж байна” хэмээв. Хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах зорилгоор 13 тэрбум төгрөгийг 8 арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ. 





    Мэргэжлийн байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Х.Булгантуяа, Ж.Батжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулсан сайн туршлагыг орон нутагт нэвтрүүлэх, сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг яаралтай нэмэгдүүлэх, нөөцийг хангалттай байлгах, тээврийн хэрэгслээс ялгарч буй бохирдлыг бууруулах арга хэмжээ авах, авто зам, нийтийн тээврийн асуудлыг цогцоор нь харж шийдвэрлэх, хөрсний бохирдолд анхаарах зэрэг асуудлыг хөндөж санал бодлоо илэрхийлсэн юм. 


Агаарын бохирдлын эх үүсвэр, түүнийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо, Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Б.Саранчимэг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл