Одоогоос 30 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй.
Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүмүүсийг өнөөдөр (2020.09.14) хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлалцах түүхэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан Улсын Бага Хурлын 20 гаруй гишүүн уулзалтад хүрэлцэн ирсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад хүрэлцэн ирсэн Улсын Бага Хурлын гишүүдэд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлээд “Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Улс орны цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг ирэх 10 дугаар сард ажил хэрэгчээр тэмдэглэхээр төлөвлөж байна. Улмаар ирэх жил болох Ардын хувьсгалын 100 жилийн ой хүртэлх нэг жилийн хугацаанд энэхүү ойн хүрээнд парламентын засаглал, Үндсэн хуулиа сурталчлах, иргэд олон нийт, өсвөр залуу үеийнхэнд парламентын боловсрол олгох ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулахаар Улсын Их Хурлын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.
Байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжлийн түүх, төлөвшил төгөлдөржилт, парламентын засаглалын ач холбогдол, түүнийг улам боловсронгуй болгох арга замын талаар ирэх сарын сүүлчээр эрдэм шинжилгээний бага хурал, Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн Үндсэн хуулиа сурталчлах ажлыг өргөн хүрээнд өрнүүлэхээр өчигдрөөс эхлэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр тусгай нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэж эхлээд байна.
Түүнчлэн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад парламентын боловсрол олгох сургалтын агуулгыг боловсруулж бэлтгэх, цахим засаглал, Е-парламентыг хөгжүүлж хууль тогтоох үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зэргээр парламентын засаглалын ач холбогдлыг таниулж сурталчлах, олон түмний засаглах эрхийг хангахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхэнд Улсын Бага Хурлын болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоо, үнэтэй сургамж зөвлөгөө, бүтээлч санаачилга чухал байна” гэдгийг онцлов.
Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд болж буй арга хэмжээний нэг юм гэдгийг Улсын Их Хурлын дарга дурдаад тэдний санал бодлыг сонссон юм.
Уулзалтад оролцогчдыг төлөөлж Улсын Бага Хурлын дарга, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дарга асан Монгол Улсын гавьат эдийн засагч Д.Дэмбэрэл, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Монгол Улсын гавьяат хуульч Н.Жанцан, Улсын Бага Хурлын гишүүн асан Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Сампилноров нар ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ, Улсын Их Хурлын цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо хэлэв.
ТОДРУУЛГА: Монгол орон ардчилалд шилжих үндсэн тохиролцоог 1990 оны 5 дугаар сард баталсан олон намуудын зөвшилцлийн Протокол хэмээх улс төрийн баримт бичгээр анхлан бэхжүүлж, улмаар Ардын Их Хурлаас баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нэртэй шилжилтийн хуулиар тунхагласан билээ. Энэ үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлыг анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий чөлөөт сонгуулиар шинэчлэн сонгохын хамт Үндсэн хуулийн дагуу бүртгэгдсэн намуудын нэрээр ард нийтийн санал хураалт явуулж, анхны байнгын ажиллагаатай парламентыг ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн урьдач нөхцөлийг бүрдүүлжээ.
Улсын Бага Хурал нь бүрэлдэхүүний хувьд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж байв. Улсын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, Ардын Их Хурлаас шууд нэр дэвшүүлэн сонгожээ. Харин 50 гишүүний тухайд Ардын Их Хурлын сонгуулиар сонгогчдын 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хурлын гишүүний мандат буюу суудлыг хувь тэнцүүлэн (5 хувийн саналд 1 суудал) хуваарилж, намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хурлаас сонгожээ.
Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан хэлэлцэж, оюун бодлоо уралдуулан мэтгэлцэн, шүүн тунгааж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон түүхтэй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.