Цэс

Холбоо барих

Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн С.Баярцогтын асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, Б.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, М.Сономпил, Г.Уянга нар 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод хандаж УИХ-ын Дэд дарга С.Баярцогтын гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага тавьжээ.

Энэ дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж УИХ-ын гишүүн С.Баярцогтод холбогдох асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанаас УИХ-ын гишүүн С.Баярцогт нь УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр заалт буюу гишүүд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх шаардлагыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж, түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг УИХ-ын Нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.

Ёс зүйн дэд хорооны дүрмийн дагуу гишүүдийн саналыг үндэслэн хуралдааныг хаалттай явуулж гишүүн С.Баярцогтоос шаардлагатай асуудлуудаар мэдээлэл, тодруулга авсан байна.

Ёс зүйн дэд хорооны дүрмийн дагуу ёс зүйн зөрчил гаргасан гишүүдэд дөрвөн төрлийн хариуцлага оногдуулах боломжтой. Үүнд: сануулах, холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлэх, дэгийн хууль зөрчсөн нөхцөлд дэгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх санал гаргах, тухайн гишүүний ёс зүй зөрчсөн үйлдлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх.

УИХ-ын гишүүн С.Баярцогтод оногдуулсан хариуцлагын арга хэмжээ нь Ёс зүйн дэд хорооны дүрмийн хэмжээнд оноож болох хамгийн хүнд хэлбэрийн арга хэмжээнд тооцогдох бөгөөд өнөөг хүртэл УИХ-ын нэг ч гишүүний ёс зүйн асуудлыг УИХ-ын Нэгдсэн чуулганаар тусгайлан хэлэлцэж байгаагүй байна.

Ёс зүйн дэд хороо гаргасан шийдвэрээ энэ долоо хоногийн Нэгдсэн чуулганы хуралдаан оруулж танилцуулна.


Ёс зүйн дэд хороо
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл