Цэс

Холбоо барих

Кувейтийн Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд уулзалтын эхэнд УИХ-ын даргаар дахин сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргээд, Кувейтийн Үндэсний ассамблейн (парламент) дарга, ноён Марзук Али Аль-Ханимийн мэндчилгээг дэвшүүлэв.

Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өрнөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Мухаммад Аль-Мутайри нар тэмдэглэв.

Парламент хоорондын харилцааг цаашид бэхжүүлэхэд хоёр орны парламент дахь найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, хууль тогтоох үйл ажиллагааны арга туршлагаа харилцан солилцох нь чухал гэдгийг мөн онцоллоо.


Элчин сайд Мухаммад Аль-Мутайри Кувейтийн тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, түүний үр дүнгийн талаар товч дурдаад, нэгэнт тогтсон найрсаг, ах дүү ёсны харилцааг улам бэхжүүлэх нь бидний ашиг сонирхолд бүрнээ нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны хувьд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал гээд олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий.

Соёлын болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах, Монгол-Кувейтийн судалгааны төв, Кувейтийн шинжлэх ухааны судалгааны төвийн хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах зэрэг нэгэнт хэлэлцэн тохирсон ажлууд ойрын үед ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолж, тухайлбал, Монгол орны баруун бүсийн эрүүл, сайн чанарын махны экспортыг нэмэгдүүлж, тогтмолжуулах талаар анхаарахыг Элчин сайдаас хүслээ.      

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл