Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Хөшөөтийн чулуун нүүрсний ордыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудлаар санал солилцов

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлгийн ахлагч Ш.Адьшаа өнөөдөр /2020.09.07/ Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголия Энержи Корпорэйшн Лимитэд буюу МоЭнКо” компанийн удирдлагуудтай санал солилцох уулзалт зохион байгууллаа.


    МоЭнКо” компани нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

    Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа уурхайн үйл ажиллагаа, олборлолтын талаар компанийн удирдлагуудаас тодруулж мэдээлэл авав.

    Үргэлжлүүлэн тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Хөшөөтийн чулуун нүүрсний ордыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, сайжруулсан түлшээр баруун бүс нутгийг хангах асуудлаар санал солилцож буйг тэмдэглэлээ.

    Ховд аймгийн төвийн агаарын бохирдлын хэмжээ зарим тохиолдолд Улаанбаатар хотоос давдгийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа яриандаа тэмдэглээд Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн “Таван толгой түлш” төрийн өмчит компанийн салбар компани байдлаар орон нутгийн өмчит компанийг байгуулах нь цаашид амжилттай хэрэгжих нөхцөл болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Ховд аймаг давсан орлогоосоо хоёр тэрбум төгрөгийг сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад зарцуулах боломжтойг тэрбээр энэ үеэр онцлов.  


    МоЭнКо” ХХК-ийн дэд захирал Ж.Оюунчимэг Ховд аймаг, МоЭнКо” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай асуудал заалт болж орсон гээд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудлыг компанийн зүгээс бүрэн дэмжиж, хамтран ажиллах бололцоотойг хэлэв.

    Уулзалтаар мөн Хөшөөтийн чулуун нүүрсний ордын нөөц, нүүрсний чанарын талаар хөндөн ярилцаж, цаашид уг ордыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудлаар Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох талуудыг оролцуулан уулзалт зохион байгуулахаар тохиролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл