Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газарт ажиллалаа.
Энэ үеэр Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг нар байгууллагынхаа үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар товч танилцуулав.
Улсын Их Хурлын 2018 оны “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 31 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгажээ. Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа, стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр бүтцийг батлах тухай Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалын дагуу одоо тус газар үйл ажиллагаагаа явуулж байна.
Оюуны өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахын тулд бүтэц, орон тоо, төсвийн асуудлыг шийдвэрлэх, өөрийн байртай болохын тулд одоо түрээсээр эзэмшиж байгаа барилгыг блансаас блансад шилжүүлж авах зэрэг тулгамдсан асуудлын талаар удирдлагууд танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал Улсын Их Хурлаар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр баталсан Оюуны өмчийн тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ гэдгийг дурьдаад, уг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан гарах арван журмыг боловсруулах явц болон тус байгууллагын ажил байдалтай танилцаж, УИХ, Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцлоо.
Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх, цахимжуулах, салбар бүрт үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх асуудлыг хөндөн ярилцсан юм.
Эдүгээ Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан эдгээр хуулиудыг баталснаар оюуны өмчийн багц хуулиуд хэрэгжиж эхлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.