Цэс

Холбоо барих

Парламентын судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг өнөөдөр (2020.11.10) Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын парламентын судалгаа шинжилгээний хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.


УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Улсын Их Хурлын Тамгын газар Германы элчин болон Ханс Зайделын сан, Фридрих Эбэртийн сан, Конрад Аденауэр сан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудтай олон жилийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Герман Улс Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх үеэр Германы олон хуульч, эрдэмтэдтэй хамтран ажиллаж байснаа санан дурсахад таатай байдаг. УИХ-ын Тамгын газар шинэ тутам байгуулагдсан Парламентын судалгааны хүрээлэн ХБНГУ-ын Бундестагийн Судалгааны хүрээлэнтэй байнгын хамтын ажиллагаа тогтоон, хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэлээ.   

Элчин сайд Ёорн Розенберг хууль тогтоох буюу төрийн эрх барих дээд байгууллага дэргэдээ Парламентын судалгааны хүрээлэнг байгуулсанд баяр хүргээд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Тэрбээр “Элчин сайдын яамнаас Бундестагийн Судалгааны хүрээлэнтэй холбоо тогтоон, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын Элчин сайдын яам болон УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн үүрэг оролцоо чухал” гэдгийг онцлов.

Уулзалтын үеэр талууд парламентын засаглалыг бэхжүүлэх, УИХ-ын Тамгын газрын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хоёр улсын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл