Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжил арга зүйн удирдлага дор Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах асуудал болон КОВИД-19 цар тахал”-ын асуудлаар өнөөдөр (2020.09.28) цахим хурал хийлээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай бүс нутаг төдийгүй дэлхий дахины хэмжээнд эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээ, нэн ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээ тасалдах эрсдэл бий болоод байгаатай холбогдуулан Ази, Номхон далайн парламентчид чуулж, бүх нийтийн хамралтад хүрэх зорилтыг цар тахлын үед ч ухралтгүй хангаж ажиллах зорилгоор үндэсний хууль тогтоох байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаараа танилцуулж, хэлэлцүүлэг хийн харилцан туршлага солилцлоо.
Уг цахим чуулганд Ази, Номхон далайн бүс нутгийн 20 гаруй орны парламентын гишүүд оролцсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ж. Чинбүрэн нар оролцлоо.
Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсэд харьяалагддаг. Тус бүсийн төвөөс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “КОВИД-19 халдвартай тэмцэж байгаа Монгол Улсын туршлага хийгээд бүх нийтийн хамралт” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг товч танилцуулж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд цар тахлын үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг даван туулах чиглэлээр Улсын Их Хурлаас баталж Засгийн газраас хэрэгжүүлсэн цогц арга хэмжээнүүдийг тайлагнав. Тухайлбал, цар тахлын хүнд нөхцөл байдлыг даван туулах зорилгоор Засгийн газар улсын төсөвт тодотгол хийж, эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, аж ахуйн нэгжүүдийн орлого, үйл ажиллагааг дэмжих арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа талаар болон ажлын байрыг хадгалах, өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн тоогоор мөнгөн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, хугацаа хойшлуулах зэрэг олон төрлийн арга хэмжээ авч байгаа талаар танилцуулав.
Түүнчлэн УИХ-аас “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” баталж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ цар тахлыг нийгэм, эдийн засгийн хувьд аль болох хохирол багатайгаар даван туулах, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зорилтод хүрэх талаар авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээг танилцуулав.
Хурлын нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцож үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн салбар тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн олон тооны байгууллагуудаас бүрдсэн харьцангуй сайн тогтолцоотой хэдий ч өргөн уудам нутаг дэвсгэрт хүн ам сийрэг тархан суурьшдаг учраас эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг, нэн ялангуяа эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэхэд бэрхшээл тулгардаг болохыг онцлов. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт яаралтай тусламжийг иргэн бүр хаана амьдарч, оршин сууж байгаагаас үл хамааран тэгш хүртээмжтэй авдаг болгох асуудлыг тусган, ирэх жилүүдэд бүрэн хэрэгжүүлэхээр зорьж байгааг хэлэв.
Түүнчлэн “КОВИД-19” цар тахлын халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувьд дархлаа тогтсон гэдгийг олон улсын эрдэмтэд мэдээлж байна. Харин манай улсын хувьд дотооддоо халдвар алдаагүй тул иргэдэд уг вирусийн дархлаа тогтоогүй. Иймд бид цар тахлын эсрэг вакцин гармагц яаралтай авч иргэдээ вакцинжуулан хамгаалах зорилго тавьж байна” гэлээ.
Цахим хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн “Дэлхийн эрүүл мэнд” форумын Ерөнхийлөгч Проф. Кейзо Такеми, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай, Зүүн Өмнөд Азийн бүсийн захирал Др.Пүүнам Сингх нар тус тус оролцож үг хэлсэн бөгөөд тэдгээр албаны хүмүүс КОВИД-19 цар тахлын үед хүний эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлд хууль тогтоох байгууллагууд улам идэвхтэй ажиллах шаардлагатайг тэмдэглэв. Халдварын тархалтыг хумьж, хяналтдаа авах нь эдийн засгийг нээх боломжийг олгох бол эдийн засагт өсөлт гарснаар эргээд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг бүх нийтэд тасралтгүй хүргэх учиртай тул эрүүл мэнд, эдийн засгийн тэнцлийг олж ажиллах нь чухал гэдгийг онцлов.
Анх 2015 оноос эхлэн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд Дэлхийн эрүүл мэндийн асуудлаар форум зохион байгуулах болсон бөгөөд түүнээс хойш жил бүр бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээнд тулгамдаж буй эрүүл мэндийн нийтлэг асуудлыг сэдэвчлэн сонгож чуулдаг уламжлал тогтсон бөгөөд дээрх Форумын ээлжит зургадугаар чуулга уулзалтыг 2020 оны 8 дугаар сард Монгол Улсын Их Хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо зохион байгуулах байсан ч цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлуулаад байна.