Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр. Энэ ойг угтан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрыг удирдаж байсан үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Л.Хангай, Л.Цог, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Ц.Цолмон, Л.Өлзийсайхан нар оролцов. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1999-2001 онд ажиллаж байсан Б.Энэбиш, 2012-2016 онд ажилласан Б.Болдбаатар нар гадаадад байгаа тул хүрэлцэн ирж амжсангүй.
Уулзалтын үеэр ирэх 11 дүгээр сард албан ёсоор тэмдэглэх Парламентын болон Тамгын газрын 30 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажил, ойн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө, чиглэл зорилтын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн удирдсан Тамгын газрын үйл ажиллагааны онцлог, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дурсамж өгүүлж, цаашид анхаарах асуудлаар санал бодлоо хуваалцлаа.
Дараа нь УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэднийг хүлээн авч уулзаж туршлага сургамжаа хуваалцах, санал зөвлөмжөө илэрхийлэх зэргээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.