Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар дэлхийн стандарт шаардлагыг хангасан Ерөнхий боловсролын сургуулийн нээлтэд оролцлоо

    Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар өнөөдөр /2020.09.25/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хүн ам ихээр төвлөрсөн хороодын нэг болох 7 дугаар хороонд ашиглалтад орсон Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлтэд оролцов.


    Тус сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1-нд эхэлсэн ч өнөөдөр томоохон үйл явдал болгон сургуулийн нээлтийг албан ёсоор хийсэн юм. 7 дугаар хороо нь сургуулийн насны 2700 хүүхэдтэй ч нэг ч сургуульгүйгээс нийслэлийн бусад дүүрэг, хороодын алслагдсан сургуулиудад  хүүхдүүд нь суралцдаг байжээ. Өнөөдөр харин дэлхийн стандарт, шаардлагыг хангасан 720 хүүхдийн багтаамж, хүчин чадалтай сургуультай болсон байна.

    Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, “Жайка” олон улсын байгууллага, төслийн зөвлөх болон гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид, нийслэл, дүүрэг, хороодын удирдлага, сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, сурагчид зэрэг өргөн бүрэлдэхүүн оролцлоо.


    Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг нээлтэд хэлсэн үгэндээ, 2016 онд эдийн засаг хүнд байх үед сургуулийн барилга барих газрыг чөлөөлөх 2 тэрбум төгрөг улсын төсвөөс хасагдаж орж ирснийг буцаан төсөвт тавиулж, манай талаас асуудлыг шийдсэн даруйд нөгөө талаас ажлаа шууд эхлэн Япон улсын буцалтгүй тусламжаар ийм сайхан сургууль товлосон цаг хугацаандаа ашиглалтад орлоо хэмээн онцлов. Тэрбээр мөн сургууль баригдаж байх явцад сургууль хүртэлх 1.7 км авто зам барих 1.5 тэрбум төгрөгийг хоёр хуваан 2017, 2018 оны төсөвт тусгаж, авто зам тавьсан, нийслэл төсвөөсөө сургуулийг автобустай болгосон тухай дурьдаад, 2018 оны наймдугаар сарын 24-ний өдөр сургуулийн шавыг тавихаас эхлээд дуусах хүртэл бүх ажилд хяналт тавин хамтран оролцсон Япон улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Масато Такаокад чинь сэтгэлийн талархал илэрхийлж буйгаа тэмдэглэсэн юм.




    Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар “Японы ард түмэн, “Жайка” байгууллагад талархал илэрхийлье. “Жайка”-гийн төсөл Монгол Улсын өнцөг булан бүрт хүрдэг, ард түмэнд хүртээмжтэй, хамгийн өгөөжтэй байдаг. Манай улсад хамгийн том тулгамдсан асуудал болсон тэгш боломжийг энэ сургууль хүүхдүүдэд олгож байна” гэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд хэлсэн үгэндээ сургуулийн багш, боловсон хүчнийг чадавхжуулах асуудлыг хөндсөн бол Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки амар тайван, аюулгүй орчин бүрдүүлсэн энэ сургууль цаашид баригдах ерөнхий боловсролын сургуулийн жишиг сургууль болоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлэв.


    Гадна болон дотоод орчин, анги танхим, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, спорт заал, шал, шат, ширээ, сандал, самбар, ариун цэврийн өрөө гээд бүх зүйл нь ерөнхий боловсролын сургууль ямар байх ёстой тэр бүх нөхцлийг бүрдүүлсэн, байгальд ээлтэй төдийгүй, газар хөдлөхөд хорогдох байр болгон ашиглах шийдлээр сургуулийг барьж, тохижуулсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох жишиг орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм. Япон улсын буцалгүй тусламжаар сургуулийн барилгыг барьснаас гадна бүх анги танхим, лабораторийн техник, тоног төхөөрөмж, тавилгыг хамтад нь шийдэж өгсөн байна.


    Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтайгаар эхлүүлсэн тус сургуулийн 12а ангийн сурагч М.Анужин "Гэр хол байсан болохоор хуучин сургуульдаа ирж очиход их хугацаа алддаг байсан. Шинэ сургуульдаа 15 минутын дотор ирж байна” гэсэн бол 6 настнуудын нэг, 1 дүгээр ангийн сурагч Я.Маргад “Энэ гоё сургуульдаа маш их онц сурна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл