Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэхүү ажил шат дараалалтай хийгдэж хүний нөөцийн аудитыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх ажил үргэлжилж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит сэдэвт сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Сургалтад Төрийн албаны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, НҮБ-ын суурин зохицуулагч Тапас Мишра, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Төрийн албаны тухай шинэ хууль 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Төрийн албаны хуулийн үндсэн дөрвөн гол зарчим бий. Төрийн албыг тогтвортой байлгах, төрийн албыг хариуцлагатай, мэргэжлийн байлгах, төрийн албыг улс төрөөс ангид байлгах зарчимтай. Энэ дөрвөн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд олон шинэлэг санаа, заалтыг хуульд тусгасны нэг нь хүний нөөцийн аудит юм. Төрийн албыг үр дүнтэй, ард түмний итгэлийг дааж ажилладаг болгохын тулд төрийн байгууллага өөрөө өөртөө аудит хийж, шинэчлэгдэж байх ёстой. Цаашдаа төрийн алба хүний нөөцийн аудитыг хэрхэн хийж, хэрхэн зохион байгуулж, юу, юу шаардлагатай вэ гэдэг асуудлаар сургалт зохион байгуулж байна. Төрийн албаны шинэчлэлийн хууль эрх зүйн орчин, санхүүгийн асуудал шийдэгдсэн. Одоо төрийн алба өөрөө өөрийгөө чадавхжуулах асуудал чухал байгааг онцоллоо.
Мөн тус сургалтад Канад Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга асан хатагтай Мария Баррадос “Хүний нөөцийн аудитын стратегийн ач холбогдол болон өөрчлөлтийн менежмент”-ийн талаар Канадын Оттова хотоос онлайнаар оролцож хэлэхдээ “Би Канад Улсын Төрийн Албаны зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, манай байгууллага Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй их ижил үүрэгтэй. Боловсон хүчин бол танай байгууллагын хөрөнгө гэдэг англи үг бий гэхдээ энэ үг “Зөв хүмүүс танай байгууллагын хамгийн чухал хөрөнгө” гэж өөрчлөгдөж байна. Зөв хүнийг зөв албан тушаалд томилж, тэрхүү тохирсон хүнээ тэр албан тушаалд тогтоон барьж чадсанаар тухайн байгууллага өөрөө хөгжин дэвжиж, өсөх боломжтой, иргэдэд төрийн үйлчилгээ чанартай очно гэлээ.
Төрийн төв болон орон нутгийн бүх шатны байгууллагын оролцогчид харилцан ярилцаж, хамтран шийдэлд хүрэх хэлэлцүүлэгүүд өргөн хүрээнд үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.