Цэс

Холбоо барих

ШХА-ны газрын захирал, хатагтай Стефани Бурритэй уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн хамтын ажиллагааны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, хатагтай Стефани Бурри-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Стефани Бурри УИХ-ын даргаар дахин сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргээд, дэлхий дахиныг хамарсан COVID-19-ийн цар тахлаас сэргийлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж, Монголын парламент холбогдох шийдвэрийг хугацаа алдалгүй гарган хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэв.

Түүнчлэн цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, цар тахлын улмаас зогсонги байдал, хязгаарлалтад орсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, дэлхийн улс орон, олон улсын байгууллагууд хамтран хямралт байдлыг зөөллөх, даван туулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай болсныг онцолж, энэ үйл ажиллагаанд Швейцарийн хамтын ажиллагааны байгууллага хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг хатагтай Стефани Бурри илэрхийллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо УИХ-ын дэргэд байгуулагдсаныг мэдээлээд, Түр хороо хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгааг дуулгав.

Швейцарийн хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүн, цаашдын чиглэлийн талаар уулзалтын үеэр хөндөж ярилцсан бөгөөд цаг уурын өөрчлөлт зэрэг эрсдэлт хүчин зүйлийн улмаас элэгдэл, доройтолд өртөж буй усны болон бэлчээрийн асуудлаар Монголын парламент ямар бодлого, шийдвэр гаргах гэж байгааг хатагтай  Стефанни Бурри сонирхов.

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентаар Бэлчээрийн тухай хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг хэлээд, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, малын хөлийн татвар зэрэг чухал асуудлаар малчдынхаа дунд өргөн хэлэлцүүлэг зохиож, саналыг нь авч хуульдаа тусгахаар ажиллаж байгаа гэв.

Швейцарын хамтын ажиллагааны газар Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд 2018-2021 онд 51.5 сая швейцар франкийн санхүүжилт хийхээр төсөвлөсөн юм.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл