Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Амарсайхан, Р.Жаргалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, Т.Аубакир, Ц.Туваан нарын гишүүд  түүхий эдийн Эмээлт захын мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.



Эхлээд “Агро нэгтгэл трэйд” ХХК-ийн үйл ажиллагааатай танилцлаа. Тус компани өдөрт 100-150 бод, 1000-1200 бог нядалж байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 орчим иргэнийг ажлын байраар бүрэн хангадаг тухай компанийн захирал Л.Нямсүрэн танилцууллаа. Цаашид зээлийн хүүг бууруулах,  нөөцийн мах бэлтгэлийн төсөв мөнгийг эрт шийдэх, төр засгийн бодлого тогтвортой тууштай байж, малаа эрүүлжүүлэх асуудлыг нэн түрүүнд анхаарах асуудал гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаашид Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг дэмжих бодлогыг тус лобби бүлэг манлайлан ажиллах болно.  Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх асуудлын нэг. Малчид хөдөө явахаар “малын хөлийн татвар аваач” гэсэн санал хүсэлт их хэлдэг. Аймгуудад 7-9 хувийн бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа. Иймээс бид бэлчээрийн тухай хуулийг авч хэлэлцэх нь зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд бид малын хулгайн тухай хуулийг баталж, үр өгөөжөө өгч эхлээд байгааг онцоллоо.

Олон улсын стандартад нийцсэн махны зах баригдаж байна


Дараа нь Сонгино хайрхан дүүрэг, 32-р хороонд баригдаж буй Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.  Барилгын ажил одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Тус төвлөрсөн зах ашиглалтад орсноор нийслэлчүүдийн махны хэрэгцээг бүрэн хангана гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Эмээлтийн үйлдвэр технологийн парк, дархны арьс ширний үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх зэрэг шийдэх ёстой асуудлууд бий. Эхний ээлжид нийслэлчүүдийг эрүүл ахуйн стандартад нийцсэн махаар хангах боломж бий. Дарханы үйлдвэрлэл технологийн паркийг ойрын 2-3 жилийн дотор ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах боломж бүрдэнэ.  Бодлого гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдалтай нь танилцаж, амьдралд ойр шийдвэр гаргадаг хэмээлээ.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдлыг хүлээн авах төв ажиллана


Үргэлжлүүлэн гишүүд Тавантолгой түлш ххк дээр ажилласан юм. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар  жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий 6 шугамтай үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгааг дуулгалаа.  Мөн туршилт судалгааны үйлдвэр ашиглалтад оржээ.  Зүүн бүсийн үйлдвэрт нийтдээ 20 орчим обьект баригдах аж. Тухайлбал, үйлдвэрийн А, Б блок, туршилт судлагааны үйлдвэр, ажилчдын амрах байр, хоолны заалоффис, төмөр зам, цахилгааны түгээх гэх мэт ажлууд хийгдэх юм байна.


Өнгөрсөн оны алдаа дутагдлыг гаргахгүйн үүднээс шахмал түлшний нөөц, цэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулсан байна. Тус нэгж нь иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдол, зуух, пийшингийн засвар үйлчилгээ зэргийг үзүүлж, 200 өрхийн дунд нэг хянагч ажиллах юм. Нийтдээ 900 орчим хүн айл өрхийн хэрэглээ, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал зэрэгт хяналт тавина гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл