Цэс

Холбоо барих

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийн зөвшилцөх асуудлаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлт

2013 оны 4 дүгээр сарын 2З-ны өдөр
Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 04 дүгээр сарын 2З-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.

Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, Д.Ганбат, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар уг зээлийн хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт, эдийн засгийн үр ашгаа богино хугацаанд өгөх төсөл тул гэрээнд заасан хугацаанд олон улсын шинэ нисэх буудлыг багтаан барьж ашиглалтад оруулах талаар Засгийн газар онцгой анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулж, зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж энэ байгууламжийн зардал, үнэ нэмэгдсэн асуудлыг шийдвэрлэхдээ энэ талаар өмнө нь Засгийн газраар хэлэлцэх явцад Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын (хуучин нэрээр) яамнаас гаргаж байсан үнийн саналуудыг судлан үзэх Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг байгуулах санал гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно.

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хамтарсан хуралдаанаас зөвшилцөх талаар гаргасан санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулахаар тогтов.

ТӨСВИЙН БАЙНГЫН                                                                                                               ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                                                                                       ХОРООНЫ ДАРГА

Ц.ДАВААСҮРЭН                                                                                                                          Б.ГАРАМГАЙБААТАР
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл