Цэс

Холбоо барих

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.08.19) Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн Монгол Улс дахь дэд Суурин төлөөлөгч Ким Су Янг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцон, КОЙКА-ийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн талаар ярилцаж санал солилцов.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн Монгол Улс дахь дэд Суурин төлөөлөгч Ким Су Янг төслийн талаар товч танилцуулсан юм.


Монгол Улс 2018 оны байдлаар жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 58 дугаарт, Ази номхон далайн бүс нутагт 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. НҮБ-ын Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92 дугаарт, Жендэрийн тэгш бус байдлын индексээр 160 орноос 65 дугаарт байна.  Ялангуяа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллөөр дэлхийн 193 орноос 121 дугаарт эрэмбэлэгджээ.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 17 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтийг дэлхийн болон Азийн улс орнуудтай харьцуулахад 4-7 хувиар бага юм. Гэтэл төрийн албаны гүйцэтгэх албан тушаалтны 60 хувь, дунд шатны удирдах албан тушаалтны 30 хувь нь эмэгтэйчүүд байна.

Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс КОЙКА-тай хамтран шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсныг танилцуулав.

“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн үндэсний зөвлөхүүдийг сонгон шалгаруулж, судалгааны ажлууд эхэлсэн. Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргахын өмнө төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон гэлээ.


УИХ-ын дэд дарга С.Одонтуяа БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн Монгол Улс дахь дэд Суурин төлөөлөгч Ким Су Янгтай дахин уулзсандаа баяртай байна гээд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.


Манай улсын эмэгтэйчүүдийн мэдлэг, боловсрол, ур чадвар өсөн нэмэгдэж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоо хангалтгүй байна. УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд нийгмийн өмнө тулгамдсан гол асуудлыг шийдэхийн төлөө нам харгалзахгүй хамтран ажиллаж чаддаг. Энэ удаагийн парламентын эмэгтэй гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэнцвэртэй байдлын хангах, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ахмад настны халамж, бүх төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг нийгэмд тулгамдсан голлох 10 гаруй чиглэлд хамтран ажиллана гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар байр сууриа хуваалцав.

Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хууль, эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй хийгдэх учиртай. Ялангуяа, бүх шатны сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиудад эмэгтэйчүүдийн квот болон эмэгтэй нэр дэвшигчдэд үзүүлэх санхүү, хөрөнгийн дэмжлэгийн талаар нарийвчилсан зохицуулалт оруулах шаардлагатай. Түүнчлэн олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг хийх нь чухал юм. Эдгээр өөрчлөлтүүдийг амжилттай хийхэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн манлайлал, дэмжлэг тэргүүлэх ач холбогдолтой гэдгийг гишүүд онцлоод цаг үеэ олсон чухал ажлыг эхлүүлж буй төслийн багийнханд талархал илэрхийлсэн юм.


Уулзалтад Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Л.Бархас,  КОЙКА-ийн төслийн менежер Б.Энхсаруул, Үндэсний зөвлөх, судлаач Э.Гэрэлт-Од, Ц.Бүжидмаа, Х.Номингэрэл болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл