Цэс

Холбоо барих

ТББХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжиж, хууль тогтоолын төслүүдийг хэлэцлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаан 10 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

    Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг нийгмийн томоохон зөвшилцөл, ойлголцлын хүрээнд баталсан нь чухал алхам болсон боловч бодит үр дүн, улс орны хөгжил, ард иргэдийн амьдралд нийцэхүйц эргэлт, өөрчлөлтийг дагалдах хуулиудаар хийх нь нэн тодорхой юм.


    Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд төслөөс дэмжигдэн батлагдсан нэг заалт нь Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт орсон “хууль санаачлах ...эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн энэхүү нэмэлт, өөрчлөлт юм. Үүнийг Үндсэн хуульд оруулах болсон гол үзэл баримтлал нь эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг Улсын Их Хурлын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн болно. Гэтэл Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэжээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьж байгаа гэлээ.

    Хуралдаанд оролцсон гишүүд хоригийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа.  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь 61.5 хувийн саналаар дэмжлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

    Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Засгийн газар … Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор … Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ...” гэж заасныг үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон МАН-ын мөрийн хөтөлбөрт тулгуурлан улс төрийн намууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналд үндэслэн тодорхойлсон болохыг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулгадаа дурдав. Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө боловсруулахдаа халдварт цах тахлаас ард иргэдээ хамгаалж, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулахад илүүтэй анхаарал хандуулсан байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Корона вируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэг, 23 тэргүүлэх зорилт, 213 дэд зорилтоос бүрдэж байгаа юм байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэмжигдэхүйц бодитой төсөл хөтөлбөр, бодлогын шинж чанартай томоохон зорилтуудыг багтааж, эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг Засгийн газар баталж, салбарын яамдын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.


    1.  Дэлхий нийтийг хамарсан корона вируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх экспортод гарах бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж худалдааны түнш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж төсвийн орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллах зэрэг шаардлагууд тулгарч байгаа юм. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, гадаадад байгаа иргэдээ үе шаттай авах ажлыг эрчимжүүлнэ.

    2.  Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлэх хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ. Засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүл байж, Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор шийдвэрлэх тогтолцооны шинэчлэл хийнэ. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг оношлогоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулна. “Ясли” үндэсний тогтолцоог сэргээж, таван настай хүүхдийг сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангаж, боловсролын бүх шатанд сургалтын чанарыг дээшлүүлж, суралцагчдад ээлтэй сургалтын орчин бүрдүүлж, тусгай хэрэгцээт хүүхдийн ердийн болон цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг бодлогоор дэмжинэ. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нийгэм, эдийн засгийн хөгжилд өгч буй үр өгөөжийн шалгуур болгон санхүүждэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжиж, нэгдсэн, төрөлжсөн нээлттэй лабораторийг байгуулан, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

    3.  Импортлогч улсаас экспортлогч улс болж, эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлнэ. Эдийн засгийн өрөөсгөл бүтэц, тогтворгүй өсөлтөө шийдвэрлэхийн тулд нэмүү өртөг шингээсэн уул уурхай, түүнийг холбосон дэд бүтцийн мега төслүүд, боловсруулах аж үйлдвэрийн салбар, үүн дотроо хүнд, хөнгөн, хүнс үйлдвэрлэл гэсэн гурван төрөлжилттэйгөөр хөдөө аж ахуйн салбарыг багтаасан, эрчим хүчний салбар тээвэр логистикийн салбар, төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, мэдлэгжсэн бүтээлч эдийн засгийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбараар зарлаж, төрөөс бодлогоор онцгойлон дэмжнэ. Энэ хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, зүүн бүсийн босоо болон хэвтээ чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэн үндэсний болон олон улс, бүс нутгийн сүлжээнд холбогдсон зам тээврийн дэд бүтцийг өргөжүүлж, томоохон орд газруудыг ашиглалтад оруулж, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах стратегийн төлөвлөлтүүд тусгагдсан болно. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, гол нэр төрлийн шатахууны хэрэгцээг “Евро-5” стандартад нийцүүлэн дотооддоо хангах нөхцөлийг 80 хувь бүрдүүлнэ. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлж Тавантолгой цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, Эрдэмбүрэнгийн УЦС-ыг шинээр барьж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

    4.  Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, төрийн үйчилгээг шуурхай, хүнд сурталгүй иргэдэд хүрэх нөхцөлийг бүрдүүлэн “Цахим Монгол” хөтөлбөрийг бүх салбарт хэрэгжүүлнэ. Улс төр, бизнесийн эрх мэдлийг ангилж, хувь хүн бүлэгт үйлчилдэг биш хуульд захирагддаг төр засгийг төлөвшүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журмыг тогтоон хүнд суртлыг арилгаж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг чанд мөрдүүлнэ. Төр засгийн үйлчилгээг хүнээс хараат бус болгох зорилгоор цахим шилжилт хийж, ёс зүй өндөр иргэний нийгмийг төлөвшүүлэн “Цахим Монгол” хөтөлбөрийг бүх салбарт хуульчлан хэрэгжүүлнэ. Хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн, шударгаар ажиллаж буй мэргэшсэн төрийн албан хаагчдаа бүх талаар Монгол Улсын төр дэмжиж ажиллах зарчмыг барина. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бодлогын томоохон эрх зүйн шинэтгэл хийхээр тусгагдсан байгаа аж.

    5.  Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсныг 80 хүртэл хувь бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр тусгагдсан. Хөвсгөл нуурын эко системийн бохирдлыг эрсдлийн судалгаа хийж, нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ.

    6.  Хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангаж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах бодлогыг хөдөөгийн хөгжилтэй холбон хэрэгжүүлнэ. Төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж, нийслэлийн дагуул хотуудыг байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлогыг хэрэгжүүлнэ. Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг тусгасан эдийн засгийн жам ёсны хөгжлийн явцтай уялдуулах байдлаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ. Малчдын амьдралын чанарыг дээшлүүлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, худалдан борлуулах сүлжээг хөгжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилтыг тавина. Засгийн газар ирэх дөрвөн жилд улс орны эдийн засгийг өөд татаж, томоохон бүтээн байгуулалтуудаа үргэлжлүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлж, нийтийн амьжиргааг дээшлүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулсан.

    Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Л.Оюун-Эрдэнэ сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа.


    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлсэн эсэх асуултад Л.Оюун-Эрдэнэ сайд хариулт өгөхдөө “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэдэг том зарчмын өөрчлөлт орсон. Үүнд нийцүүлэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу Монгол Улс урт хугацааны төлөвлөгөөг 30 жилээр, дунд хугацаанд 10 жилээр тодорхойлох юм. Үүнээс Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг 5 жилээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 4 жилээр, дээрх бүх хөтөлбөрүүдэд уялдуулах эрх зүйн орчин үүссэн” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр хөтөлбөрийн төслийг холбогдох хууль, бодлогын баримт бичгүүдэд нийцүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Экспортыг далайцтай нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс далайд гарцтай болох шинэ боомтыг чөлөөт бүс, аялал жуулчлал, үйлдвэрлэл, техникийн парк зэргийг уялдуулан нээх асуудлыг Засгийн газар анхаарч, судалж буй эсэхийг, хилийн боомтуудтай холбоотой тодруулгыг Ж.Батжаргал гишүүн асууж, хариулт авсан. Хөтөлбөрийн төсөлд дэд бүтэцтэй холбоотой асуудлыг гурван түвшинд ангилж үзэж байгаа бөгөөд нэг түвшинд нь хилийн боомтуудыг замтай холбох ТЭЗҮ-г боловсруулна гэж тусгагдсан гэлээ. ТЭЗҮ бэлэн болсон дарааллаар ажил гүйцэтгэгдэнэ. Энэ жил хилийн боомтууд дээр хамтарсан ажлын хэсгүүд ажиллан, үйл ажиллагааны ач холбогдлоор нь эрэмбэлэх, ТЭЗҮ боловсруулах ажлыг хийх бөгөөд төсвийн тодотголоор Барилга, хот байгуулалтын сайдын багцад зураг, төсвийн мөнгө хөрөнгийг тусгасан гэлээ. Аялал жуулчлалыг байгалийн, түүхийн, соёлын, төрөлжсөн гэдэг дөрвөн ангиллаар авч үзэхээр тусгагдсан гэлээ. Улсын зэрэглэлтэй хотууд болон аймгийн төвийн статустай холбоотой асуудал хөтөлбөрийн төсөлд тусгагдсан эсэхийг Ж.Сүхбаатар гишүүн тодруулсан.

    Ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой зорилт хөтөлбөрийн төсөлд туссан бөгөөд хувийн хэвшил, төр засаг дангаараа, олон улсын хөрөнгө оруулалтаар, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх 18 орчим томоохон төсөл бий. Эдийн засгийг эрчимжүүлэх эдгээр төслийг хэрэгжүүлснээр 31.000 орчим ажлын байр бий болно хэмээн тооцжээ. Эдгээр төслийг орлого олох дарааллаар нь эрэмбэлж, хэрэгжүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүд хэлж байсныг мөн дурдсан.

    Авлигалыг бууруулах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд авлигал үүсэх суурь нөхцөлийг арилгах, зөвхөн дээд шатанд төдийгүй авлигал үүсэх нөхцөл болж буй төрийн анхан, дунд шат руу хандсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв. Тухайлбал, Засгийн газрын эхний 100 хоногт багтааж Монгол Улсын төрөөс үзүүлж буй бүх үйлчилгээг нэг цахим хуудаст төвлөрүүлнэ, хоёр жилийн дотор бүрэн шилжиж, гурав дахь жилээс хувийн хэвшил буюу банк, санхүүгийн байгууллагыг нэг цонхонд төвлөрүүлэх ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ гэлээ.

    Дараа нь гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангаж, хүний эрх, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, шударга ёс, хуульт ёсыг бэхжүүлэх “Хараат бус бие даасан шүүх, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн шинэтгэл” бүлэгт “Орон тооны гишүүдээс бүрдсэн Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах замаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлж, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн харъяанд шилжүүлнэ” гэдэг заалтыг онцолж, Үндсэн хууль болон бусад хуультай нийцэж буй эсэхийг хянах саналыг гаргав. Корона вируст халдвар (КОВИД-19)-т цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогынхоо хүрээнд гадаадад байгаа иргэдээ авах асуудлаа онцгойлон тусгах, жижиг болон дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ цар тахлын үед тусгай бодлогоор дэмжих саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлж байв. Н.Тогтохсүрэн гишүүн ард нийтийн амьжиргааг дээшлүүлэх, дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ажлын байрыг хадгалах, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол бүхий бизнесийг дэмжихэд илүү анхаарах шаардлага бий гэдгийг хэлж, тайлбар хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан хэд хэдэн чиглэлээр тодорхой санал гаргаж, ажлын хэсэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр хүний хөгжлийн бодлогыг чухалчлах, иргэдийг эрүүл, боловсролтой, ажил орлоготой, орон байртай болгосноор бүх нийтээр улс орны язгуур эрх ашгаа дээдлэх нөхцөл бүрдэх тул эрүүл мэнд, боловсролын салбарыг дорвитой хөгжүүлэх зорилт, арга хэмжээг тодорхой, нарийвчлалтай тусгах саналыг хэлж байсан. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд ажлын байрыг нэмэгдүүлэх тэргүүтэй тодорхой асуудлаар нэр зааж зорилт болгон хөтөлбөрийн төсөлд тусгах, тэдгээрийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг нарийвчлалтай тусгах шаардлагын талаар хэлж, ажлын хэсэгтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудалд анхаарал хандуулах ёстойг хэлсэн. Төсвийн тодотголтой холбоотойгоор үүсэх гадаад, дотоод эрсдлээ тооцон, эрсдлийг удирдах асуудлыг хөтөлбөрт тусгасан байх шаардлагын талаар дурдсан. Түүнчлэн үр ашиггүй менежменттэй төсвийн хөрөнгө мөнгө, төрийн өмчит компаниудын хөрөнгийг оновчтой ашиглаж олон улсаас санхүүжилт босгох, төрд байгаа боломжуудаа бүрэн дайчлан үр ашиггүй төрийн өмчүүдийг үнэ цэнэтэй болгох, асар их хэмжээний алдагдалтай төрийн өмчит компаниудын асуудлыг анхаарах, ипотекийн зээлийн хүүг бууруулж, тогтолцоог шинэчлэхтэй холбоотой саналыг гаргасан юм. 3.2 сая хүний 2.8 сая нь давхардсан тоогоор ямар нэг хэлбэрийн халамж авч байгаа. Халамж авдаг бус бүтээдэг эдийн засаг руу шилжих зайлшгүй шаардлага бий бөгөөд үүний хөшүүргийг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах нь зүйтэй гэлээ.

    Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 9 нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар танилцуулав.

    Корона вирусийн халдварт цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учирч, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4-6 хувьд хүрэхээр байгаа гэлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс -9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буураад байгаа гэв. Гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв.  Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих; иргэдийн эрүүл мэндийг хамгаалах корона вирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай санхүүжилтийг тэргүүн эгнээнд шийдвэрлэх; экспортын гарцыг нэмэгдүүлэх; иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийн олголтыг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай болгох; улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлэх гэсэн үндсэн таван зарчмыг баримталсан байна. Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Я.Содбаатар сайд танилцуулсан. Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм.


    Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд буюу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, СЕХ, ТАЗ, УИХ-ын Тамгын газрын төсвийн хүрээнд хэлэлцэх ёстойг Л.Энх-Амгалан дарга танилцуулсан.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, Шадар сайдаас хариулт авав. Ингээд тус Байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


2019 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, аудитын дүгнэлтийг сонсож, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

    Дараа нь “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх илтгэлийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

    Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувьтай тэнцсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалагдах Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Шадар сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн нарийн бичгийн даргын нийт 150 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 548.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 294.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 253.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 54.4 хувь буюу 298.7 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд, 25.7 хувь буюу 141 тэрбум төгрөгийг Шадар сайд, 10 хувь буюу 55.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 7.1 хувь буюу 39.2 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2.7 хувь буюу 14.6 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын багцын зарлага эзэлжээ. Улсын төсвөөс 539.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 9.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэв.


    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн дарга тус тус зөрчилгүй гэж дүгнэгдсэн бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга хязгаарлалттай, Үндсэн хуулийн цэцийн дарга зөрчилгүй гэж дүгнэгдсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харъяа 3 төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж, зөрчилгүй санал дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 77.5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 2.3 сая төгрөгийн алдааг залруулж, 75.2 сая төгрөгийн алдаа зөрчилд 12 зөвлөмж өгсөн байна. Улсын Их Хурлын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 2 зөвлөмж өгсөн байна. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харъяа 8 төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж 7, Засгийн газрын тусгай сан 1, төсөл хөтөлбөрийн нэгж 2, нийт 18 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 7 санхүүгийн тайланг түүвэрт хамруулж, 10 байгууллагын санхүүгийн тайланд зөрчилгүй, 1 байгууллагын санхүүгийн тайланд хязгаарлалттай хэмээн дүгнэлт гарчээ. Аудитаар нийт 591 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 574 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 11.9 тэрбум төгрөгийн зөрчилд 11 төлбөрийн акт тогтоож, 3.3 тэрбум төгрөгийн зөрчилд 25 албан шаардлага, 2.3 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 81 зөвлөмж өгсөн байна. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 96 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 9-д нь итгэл үзүүлж, 9 санхүүгийн тайланг түүвэрт хамруулж, 78 байгууллага аудитад хамрагджээ. Аудитаар 75 санхүүгийн тайланд зөрчилгүй, 3  санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн гэв. Аудитаар нийт 18.2 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 15.7 тэрбум төгрөгийн 62 алдааг залруулж, 107 сая төгрөгийн зөрчилд 31 төлбөрийн акт тогтоож, 1.4 тэрбум төгрөгийн зөрчилд 43 албан шаардлага, 976.6 сая төгрөгийн алдаа зөрчилд 145 зөвлөмж өгсөн байна.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарын эрхлэх асуудлын хүрээний 19 төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 8 санхүүгийн тайланг түүвэрт хамруулж, 8 байгууллагад зөрчилгүй санал дүгнэлт өгсөн гэв. Аудитаар нийт 462 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 60.4 сая төгрөгийн 5 алдааг залруулж, 0.8 сая төгрөгийн зөрчилд акт тогтоож, 0.5 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 400 сая төгрөгийн алдаа зөрчилд 18 зөвлөмж өгсөн байна.

    Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2019 оны санхүүгийн тайланд зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд аудитаар нийт 37 сая төгрөгийн алдаа илэрснээс 1.2 сая төгрөгийн алдааг залруулж, 36.5 сая төгрөгийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн байна. Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны санхүүгийн тайланд мөн зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд аудитаар 25 сая төгрөгийн алдаа илэрснээс 3.7 сая төгрөгийн алдаа зөрчилд акт тогтоож, 12 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 3 зөвлөмж өгсөн байна. Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн нарийн бичгийн даргын 2 төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 1 тайлан түүвэрт хамрагдаж, хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна. Аудитаар нийт 470.4 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 26.4 сая төгрөгийн алдааг залруулж, 235 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 208 сая төгрөгийн алдаа зөрчилд 4 зөвлөмж өгсөн байна. Үндсэн хуулийн цэцийн даргын 2019 оны санхүүгийн тайланд мөн зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд аудитаар 176.5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээр 134 сая төгрөгийн алдааг залруулж, 17.4 сая төгрөгийн алдаа зөрчилд төлбөрийн акт тогтоож, 9.5  сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 3 зөвлөмж өгсөн байна.

    Шадар сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн, Ж.Батсуурь нар асуулт асууж, хариулт авсан. Ийнхүү Байнгын хороо “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд  хүргүүлэхээр боллоо.

Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Тус хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулав.


Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 03 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гарсан санал, 2020 оны 05 дугаар сарын 8, 14 болон 08 дугаар сарын 12-ны өдрийн хэлэлцүүлгээс гарсан саналууд, энэ сарын 17-ныг хүртэл иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан зарчмын зөрүүтэй 56 санал, хуулийн нэр томъёо, үг хэллэг, дугаарлалтыг жигдлэх, 4 багц найруулгын саналыг бэлтгэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулж байгааг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулсан.


    Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахдаа төслийг зүйл бүрээр хэлэлцэхээр хуульчилсан. Энэ дагуу  хуулийн төслийн зүйл бүрээр, Ажлын хэсэг болон хуралдаанд оролцсон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл