Цэс

Холбоо барих

ЁЗСХБХ:2019 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, аудитын дүгнэлтийг сонсож, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

    Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр (2020.08.19) 14.00 цагт 81.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг байнгын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон билээ. 


    Хуралдааны эхэнд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

    Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.


    Корона вирусийн халдварт цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учирч, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч 4-6 хувьд хүрэхээр байгаа гэлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буураад байна. Гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв.  Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих; иргэдийн эрүүл мэндийг хамгаалах коронавирусний халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай санхүүжилтийг тэргүүн эгнээнд шийдвэрлэх; экспортын гарцыг нэмэгдүүлэх; иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийн олголтыг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай болгох; улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлэх гэсэн үндсэн таван зарчмыг баримталсан байна. Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм байна.

    Төслийн тодотголын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэх ёстойг Б.Бат-Эрдэнэ дарга сануулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан Төрийн албаны зөвлөлийн төсөв 2019 онтой харьцуулахад 1.6 дахин нэмэгдсэн талаар тодруулав. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хариултдаа, “Энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэ Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор олон талын өөрчлөлт явагдаж байна. Манай төсөв өмнөх оноос 1.5 тэрбум төгрөгөөр өссөн. Мэдээлэл технологийн шинэчлэл, цахим шилжилттэй холбоотой өссөн зардал юм. Ирэх онд тэвчиж болох зардлуудаа хасаж, төсвөө бууруулж төсөвлөсөн” хэмээв.


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байгаагүй тул Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

    Байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжлэв. Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.


    Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувьтай тэнцсэн байна.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ.

    Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчийн нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 40.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 38.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 1.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 96.8 хувь буюу 39.2 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, 3.2 хувь буюу 1.3 тэрбум төгрөгийг Төрийн албаны зөвлөлийн даргын багцын зарлага эзэлжээ. Улсын төсвөөс 40.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 96.2 сая төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэв.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцууллаа.


    Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд харьяалагдах Улсын Их Хурлын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийж, зөрчилгүй санал, дүгнэлт өгчээ. Аудитаар 5.0 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн байна.

    Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийж, зөрчилгүй санал, дүгнэлт өгчээ. Аудитаар 25.1 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлснээс 3.7 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 12.1 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага өгч, 9.3 сая төгрөгийн зөрчлийн арилгах, дахин гаргахгүй байх 3 зөвлөмжийг өгчээ. Мөн Үндэсний аудитын газрын даргын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос хараат бус аудитын компаниар аудит хийлгэсэн байна.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цаашид төсвийн гүйцэтгэлийн хэлэлцүүлгийг үр дүнтэй, ажил хэрэгч болгоход аудитын байгууллагын дүгнэлт чухал болохыг онцлоод аудитын байгууллага ашиг сонирхлыг зөрчлөөс ангид байх учиртай гэлээ. Сангийн сайдын танилцуулга, аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Энхбаяр, Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлэв.


    Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл