Цэс

Холбоо барих

Эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв

    Улсын Их Хурлын 13 эмэгтэй гишүүн Улсын Их Хуралд албан ёсны бүлэг байгуулсан талаараа өнөөдөр /2020.08.20/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

    Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл сонгогдсон байна.  


    Бүлгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, Бүлгийн дарга Д.Сарангэрэл мэдээлэл өгөхдөө,  Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн албан ёсны бүлэг байгуулсан. Энэ бүлгээрээ дамжуулан нийгмийн өмнө тулгамдсан олон асуудалд анхаарал хандуулж, улмаар шийдвэрлэх, үр дүнд хүрэх зорилготой ажиллана. Бүлэг хуралдаж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлсон. Улсын Их Хурлын сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзаж байхад бидэнд захисан, хүээлгэсэн үүрэг даалгавар байдаг. Энэ хүрээнд арав гаруй гол асуудалд суурилан ажиллах төлөвлөгөөгөө гаргаж байна. 13 гишүүн бүгдээрээ арав гаруй үндсэн үйл ажиллагаандаа багаараа оролцоно. Асуудлыг дундаа орхигдуулахгүйн үүднээс дор бүртээ судалж байгаа чиглэлээрээ  ахалж ажиллах зохион байгуулалтад орсон.

    Хамгийн нэгдүгээрт нийгмийн бүхий л болж бүтэхгүй асуудлын суурь болж байгаа архидалттай тэмцэх чиглэлээр ажиллахаар төлөвлөн, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачлагыг гаргаж, Ажлын хэсэг байгуулан, хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ мэтчилэн арав гаруй чиглэлээр онцгойлон анхаарч, хууль эрх зүйн болон бодит үйл ажиллагаа явуулна гэлээ.


    Хэвлэлийн хурлын үеэр гишүүд хариуцаж авсан сэдвээрээ тус бүртээ мэдээлэл өгөв. Тэд бизнес эрхлэх боломж, боловсрол, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, хүний хөгжлийн цогц бодлого, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг арав гаруй асуудалд манлайлж ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл