Улсын Их Хурал 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон тогтоолыг баталсан билээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.08.31/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан удирдав. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.
Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний үнэмлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийн хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.
Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Бямбадулам, зөвлөх Б.Хатантуул болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.