Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өнөөдөр /2020.08.28/ Улсын Их Хуралд Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгийн үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө санал нэгтэй ажиллах эрхэм зорилгын дор нэгдэн лобби бүлгийг байгуулжээ.
Лобби бүлгийн гишүүд хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, төрийн бодлого, холбогдох хууль тогтоомжийг санаачлан батлахын төлөө Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран идэвхтэй ажиллаж байна гээд эрүүл мэндийн салбарт шийдэл хүлээсэн асуудал, бэрхшээлийг уг сууриар нь арилгаж, иргэддээ тэгш хүртээмжтэй, чанартай, үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг цогцоор нь шийдвэрлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.