Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.26) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 16 цаг 15 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөв
Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хуралдааны эхэнд зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Төслийн хүрээнд үндсэн хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, коронавируст цар тахлын тархалтын үед шаардлага хангасан даатгуулагчдыг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын санд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулахад зориулагдана хэмээн Сангийн сайд танилцуулав.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, зээлийн хэлэлцээрийн хүрээнд олгогдох санхүүжилтийг хэрхэн юунд зарцуулах, бичил бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүүг хэрхэн тооцох зэргийг тодруулсан гишүүдийн асуултад “Бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд зээл болгож гаргана. Ингэхдээ банкаар дамжуулан олгох бөгөөд иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5-10 сая төгрөгийн зээлийг 2 жил хүртэл хугацаатай олгогдоход зарцуулагдана. Мөн зээл авах хүсэлт гаргасан иргэн, бичил бизнес эрхлэгчдэд ур чадвар олгох болон ажлын байр хайж байгаа иргэдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулахад зарцуулна. Харин зээлийн хүүг Дэлхийн банктай хийсэн хэлэлцээрийн дагуу сүүлийн 3 жилийн инфляцын түвшний дунджаар тооцож тогтооно” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс хариулав.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар захирамжаар дээрх тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд олонх, цөөнхийн төлөөллийг хамруулсан нэр бүхий 29 гишүүн ажиллаж байгаа юм.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хийлээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгааг нягтлан үзжээ. Ингэхдээ Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс ирүүлсэн 120 гаруй санал болон Байнгын хороодоос ирүүлсэн саналуудыг нэгтгэн хууль, тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг судлан хэлэлцсэн байна.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх явцад Аюулгүй байдал, гадаад бодлогын, Ёс зүй сахилга хариуцлагын, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороодоос тусгайлан санал гаргаагүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.
Байнгын хороод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.
Ингэхдээ ажлын хэсэг болон байнгын хорооны гишүүдийн гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлжээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тус тус танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлт болон ажлын хэсгээс томьёолон бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 98 саналыг тус бүрээр нь танилцуулж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тодруулбал, Эрдэс баялгийн экспортын зонхилох хувийн эзэлж байгаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефть зэргийг нэмүү өртөг шингээн боловсруулж, экспортлох хэрэгтэй. Хүнд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг ажлыг яаралтай эхлүүлж, ашиглалтад оруулахад шаардлагатай төмөр зам, ус, эрчим хүч зэрэг дэд бүтцийг бүтээн байгуулалтыг төслүүдийг эхлүүлнэ гэсэн санал 54.5 хувийн саналаар, Малчид иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх зорилготой хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулна гэсэн санал 60 хувийн саналаар, Цахим эдийн засаг, үйлчилгээний салбарыг дэмжихэд шаардлагатай дэд бүтэц болон Улаанбаатар хотын дагуул хотыг барьж байгуулах гэсэн 60 хувийн саналаар тус тус дэмжигдлээ.
Хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудтай холбоотойгоор төслийн зорилт, арга хэмжээний эрэмбэ, дугаарлалт өөрчлөгдөж байгааг анхаарч, нягтлахыг Ажлын хэсэгт даалгаснаар хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.