УИХ-ын
даргын ахлах зөвлөх, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн
Бодлогын зөвлөлийн дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Парламентын
хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн
(БНОУХ)-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Крэйг Кастанья болон Азийн сангийн
төслийн ахлах ажилтан Л.Дэлгэрмаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд ардчиллын хөгжил, парламентын боловсрол, бодлого боловсруулах, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцов.
УИХ-ын даргын ахлах зөвлөх, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн дарга Д.Лүндээжанцан УИХ-аас аливаа хууль, тогтоол шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргахад шинээр байгуулагдсан Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг өндөр байгаа талаар онцлов. Мөн ардчиллын үнэт зүйлийг зөв ойлгодог, аливаа шийдвэр гаргахад оролцоотой иргэдийг бий болгохын тулд парламентын боловсролыг олон нийтэд олгох, сурталчлах ажил нэн тэргүүний шаардлагатай байгаа талаар дурдаад энэ чиглэлээр УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнгээс хийж байгаа зарим ажлуудын талаар мэдээлэл өглөө.
БНОУХ болон Азийн сан хамтарч залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг 2022 он хүртэл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд олон ажил төлөвлөсний хүрээнд эхний ээлжинд судалгааны ажлуудыг хийж байгаа талаар танилцуулав. Мөн хамтын ажиллагаа хөгжиж, ажил хэрэгч уулзалт, яриа хэлэлцээ идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Цаашид уг хамтын ажиллагаа өргөжүүлхэд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн оролцоо, санал санаачилга чухал болохыг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч талууд цаашид илүү идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.