Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар Улсын Их Хурлын даргын дэмжлэг дор өнөөдөр /2020.09.30/ “Roundtable 2020” гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын форумыг Төрийн ордонд зохион байгуулав.
Форумыг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүйгээр адил тэгш байх зарчмыг баримталдаг, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон гэдгийг онцлоод “Ковид 19” цар тахлаас шалтгаалсан хорио, онцгой дэглэмийн хугацаа тавигдаж, дэлхий нийтийн бизнес, хөрөнгө оруулалтын харилцаа сэргэх үед гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөөн улам хүчтэй болох учир уг өрсөлдөөнд өнөөдрөөс бэлтгэлээ хангаж, хууль эрх зүйн орчноо илүү таатай, нээлттэй болгож, хөрөнгө оруулалтын хамгаалалтын механизмыг шинэ түвшинд гаргаснаар итгэлийг олж авах, “ухаалаг” дэмжлэг, хөшүүргийг бий болгон зохицуулалтын ил тод, шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зайлшгүй шаардлага үүсэж буйг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, нөхцлийг сайжруулахын тулд эрх зүйн болоод гүйцэтгэх засаглалын хүрээнд юуг шинэчлэн засч сайжруулах, ямар тулгамдсан асуудал, санал, шүүмжлэл байгааг хувийн хэвшлийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас нээлттэй сонсох зорилготой тус форумд УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, гадаад, дотоодын худалдаа, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид зэрэг 150 орчим хүн хүрэлцэн ирсэн байв.
Нээлтийн үйл ажиллагааны дараа “Гадаад хөрөнгө оруулалтын орчин”, “Монгол Улсын гадаад худалдааны бодлого”, “Олборлох салбарын орчин”, “Бизнесийн орчин” гэсэн сэдвүүдээр панелистууд илтгэл тавьж, илтгэлийн сэдвийн дагуу оролцогчид санал, шүүмж, зөвлөмжийн үг хэлж, асуулт асуусан. Сэдэв тус бүрийн модератор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Х.Ганхуяг болон панелистууд оролцогчдын асуултад хариулт өглөө.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Roundtable 2020” форумыг хааж үг хэлэв. Тэрбээр, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар олон уулзалт, ярилцлагыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод, хувийн хэвшлийнхэн зохион байгуулдаг байсан бол энэ удаагийн форумыг төрийн байгууллага, тодруулбал Улсын Их Хурал гишүүдийнхээ санаачлагаар зохион байгуулж буйг эхэнд нь онцолсон.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлаас гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, энэ талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн нэлээдгүй арга хэмжээ авч ирсэн ч үр дүн нь санасан хэмжээнд хүрэхгүй байна гээд бизнесийн одоогийн орчин, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн шинэчлэл болон цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар ярихдаа Дэлхийн банк, “Транспери интернэшнл” байгууллагын судалгааны дүнг эш татан танилцуулав.
Мөн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, уялдуулан зохицуулж байх бүтцийг бий болгох асуудлыг Засгийн газрын хэмжээнд авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд гадаадын хөрөнгө оруулалтын талаар уулзалт, форумыг Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы өмнө тогтмол зохион байгуулж байх уламжлалыг тогтоох нь зүйтэй талаар тэмдэглэлээ.
“Roundtable 2020” гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын форумыг Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар Улсын Их Хурлын даргын дэмжлэгийн дор Улсын Их Хурал, Засгийн газар, Монгол дахь АНУ-ын худалдааны танхим хамтран зохион байгууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.