Цэс

Холбоо барих

Элчин сайд М.Клечески Монгол Улс "саарал жагсаалт"-аас богино хугацаанд, амжилттай гарсанд баяр хүргэлээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.10.27) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Клечески-г хүлээн авч уулзлаа.


    Элчин сайд М.Клечески, Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт” буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас албан ёсоор гарсанд баяр хүргэлээ. Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжүүдийг маш богино хугацаанд амжилттай хэрэгжүүлснийг тэрбээр цохон тэмдэглэв. 

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлээд “Энэхүү үр дүнд хүрэх бидний чармайлтыг бүх талаар дэмжин ажилласан ноён Элчин сайд танд энэ дашрамд талархал илэрхийлье” гэлээ.


    Элчин сайд М.Клечески "Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн судалгааны төв, Монгол Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр Таны тавьсан хүсэлтийн дагуу  Конгрессийн судалгааны албатай холбогдсон. Конгрессийн судалгааны төвөөс Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгааны хүрээлэнтэй судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж, туршлага, мэдлэгээ хуваалцахад боломжтой хэмээн мэдэгдсэнийг дуулгахад таатай байна" гэв.

    Уулзалтын үеэр дэлхий даяар тархсан шинэ коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцож, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентын үйл ажиллагаа, ойрын үеийн тулгамдсан асуудал, цаашдын бодлого, чиглэлийн талаар товч мэдээлэл өглөө. Ноён М.Клечески Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, парламентын нийт гишүүдэд баяр хүргэлээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл