Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Ерөнхий боловсролын санхүүжилтийг шинэчлэх замаар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Боловсролын салбарт хийх цахим шинэчлэлтийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийг оновчтой тогтоох, багшийн орон тоо, цалин хөлсийг сургалтын хөтөлбөр болон суралцагчдын сурлагын чанартай уялдуулах, боловсролын үнэлгээг цахимжуулах зэрэг аргуудыг хэрэгжүүлснээр ангиудын бүлэг дүүргэлт оновчтой болж, багшийн хүрэлцээ, сургалтын орчин нөхцөл, сурлагын ахиц чанарт тодорхой үр дүн гарна гэж тооцож байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны санхүүжилтэд төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, цэцэрлэгийн хүчин чадал, хүүхдийн тоонд тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлд олгох болно. Боловсролын зээлийн сангаас олгож байгаа оюутны хөгжлийн зээл болон тэтгэлгийг их, дээд сургуулийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр чанараар нь эрэмбэлж, топ -10 сургуульд олгодог болно. Цаашид ирээдүйгээ харсан, тэргүүлэх нэн шаардлагатай байгаа хэрэгцээт мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдад сургалтыг зээл болон тэтгэлэг олгож, МСҮТ-дэд элсэн суралцахыг дэмжих болно.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цогцолбор нэн шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга барих ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа ба өмнөх онуудад эхэлсэн 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байрыг ашиглалтад оруулж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Мөн соёл урлагийн салбарт хэрэгжүүлэх шинэлэг үйл ажиллагааг дэмжихэд зориулж улсын төсвөөс хуваарилах хөрөнгийг нэмэгдүүлж, цаашид орлогоороо санхжүүжих тогтолцоонд шилжих боломж олгохын зэрэгцээ өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншлын үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалж, сурталчлан таниулах зорилгоор эхлүүлсэн их эзэн Чингис хааны музейг 2021 онд ашиглалтад оруулах, Үндэсний урлагийн театр, Байгалийн түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж 2021 онд дуусгахаар төлөвлөж байна. Түүнчлэн 2021 онд тохиох Ардын хувьсгалын 100, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 110 жил зэрэг томоохон тэгш ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг Соёлын сайдын багцад тусгалаа. Түүнчлэн нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг шинэ шатанд гаргах ард иргэдийг эрүүлжүүлэх зорилгоор энэхүү салбарыг нэгдсэн удирдлагад оруулсантай холбогдуулан биеийн тамир, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, Монгол Улсын уламжлалт спортыг дэлхий нийтэд таниулах, олон улсын жишигт нийцсэн спортын барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай зардлуудыг тусгаад байна гэж байлаа.
Монгол Улсын 2021 оны төсвийн хуулийн төслүүдийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулав.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2,913.5 тэрбум төгрөгөөр төлөвлөж, төсвийн хөрөнгө оруулалтаар 863.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 335 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 362.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 14.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 3 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй гэж байлаа. Түүнчлэн Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 146.8 тэрбум төгрөгөөр төлөвлөж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 516.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 82 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 100.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 12.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 2 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байгааг Тэргүүлэх аудитор танилцуулгадаа онцолсон.
Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн болон холбогдох яам, агентлагын удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ё.Баатарбилэг, Н.Учрал, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны салбараас хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагуудын харьяаллыг шилжүүлэх эсэх, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны хөтөлбөрийн 2021 оны төсвийг бууруулсан шалтгааныг тодруулахын зэрэгцээ боловсролын салбарыг цахимжуулах, техник технологиор хангах, багш нарын орон тооны зөрүү, цалингийн өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг илүүтэй лавлав.
Хөдөө аж ахуйн их сургууль болон харьяанд нь байдаг эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнгийн харьяаллыг шилжүүлэх асуудлыг Засгийн газраас судалж үзэх чиглэл өгсөн. Салбарын яамны зүгээс энэ асуудалд эсрэг байр суурьтай байна. Бид Сангийн яамтай урьдчилан зөвшилцөөд шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийг техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангах бодлогыг баримталж, 2021 онд 20 тэрбум төгрөг төсөвлөснийг энэ чиглэлд зарцуулахын зэрэгцээ тодорхой хөрөнгийг багш нарыг компьютержүүлэхэд зарцуулна. Ер нь боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш нарыг компьютержүүлэхэд 76-80 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. 2020 оноос эхлэн компьютержүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа ч, бид төсвийн хөрөнгө харалгүй донор хоёр улсад хандаад төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр явж байна гэж Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хариултдаа онцлов.
Түүнчлэн тэрбээр, бид сүүлийн 10 хоногийн турш монгол орны аймаг, сум багт боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын нарийвчилсан статистик тоог авч бусад газрын статистик тоотой тулгаж үзэхэд 733 багшийн зөрүү гарсны цалингийн асуудлыг зохицуулахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ жилийн 5 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудын үдийн цайны мөнгийг хасах асуудлыг судлах талаар Сангийн яамтай тохирсон. Хувийн сургуулиудад өгч байгаа үдийн цайны мөнгө 3,7 тэрбум төгрөг. Энэ он дуустал хувийн сургуулиудад хувьсах зардлаас гадна үдийн хоолны мөнгийг өгч байгаа гэж байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боловсролын салбарт реформ хийх шаардлагатай байна. Энэ салбарт орон тоог зааж өгсөн ч илүү гаргаад явж байгаа тал бий гэж хариулсан бол ажлын хэсгийн зүгээс Сангийн яамнаас цалингийн цахим системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан төрийн бүх албыг хамруулсан. Гэтэл боловсролын салбар УИХ-аас баталсан 75 мянган орон тоог 10 гаруй мянгаар нэмэгдүүлсэн тоо гарсан. Мөн өргөн баригдсан төсвийн төсөлд үдийн цай хөтөлбөр 40 тэрбум 234 сая төгрөг, 2020 оны төсөв дээр 45 тэрбум 581 сая төгрөг байгаа бөгөөд зөрүү нь 5,3 тэрбум төгрөг, Тиймээс хувийн сургуулиудад хувьсах зардлаас гадна давхар үдийн цайны хөтөлбөрийн хүрээнд шилжүүлдэг байсан мөнгийг зогсоож байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.
Ингээд хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Ё.Баатарбилэг нар зарчмын зөрүүтэй санал гаргасан тул саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.