Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.21) хуралдаан 10 цаг 07 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Монголбанкнаас 2020 оны 09 сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцуулав.

    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Жавхлан, М.Оюунчимэг, С.Чинзориг, О.Цогтгэрэл нар ажилласан бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаараа тогтоолын төслийн талаар дэд ажлын хэсгийн бэлтгэсэн мэдээлэлтэй танилцаж, асуулт асууж, холбогдох тодруулгуудыг хийжээ. Тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа цар тахлын үед төрөөс баримтлах мөнгөний бодлогын онцлогийг бүрэн тусгаж чадаагүйг тэмдэглээд, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээ авах шинэ зохицуулалт нэмэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих дотоодын болон экспортын хэрэгцээнд мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжид хөнгөлттэй санхүүгийн эх үүсвэр олгож, 2020-2021 онд мал аж ахуйн гаралтай экспортыг нэмэгдүүлэх гэсэн заалтыг төсөлд шинээр нэмэх санал гаргасан ч ажлын хэсгийн гишүүдийн олонх дэмжээгүй байна.

    Х.Булгантуяа гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асуув. ОУВС-ийн тооцооллоор манай улсын ДНБ-ий өсөлт 2021 онд 6 хувь байх бол Монголбанк 8.7 хувь, Засгийн газар 7.2 хувьд хүрнэ гэжээ. Урсгал дансны алдагдал эхний хагас жилд 890 сая ам.доллар хүрсэн бөгөөд 9, 10 дугаар сарын байдлаар хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр, оны төгсгөлд хэд хүрэх, эл алдагдлыг багасгах, төгрөгийн ханшийг тогтворжуулах чиглэлд Монголбанк юу хийх талаар тэрбээр тодруулсан. Урсгал дансны алдагдлыг богино хугацаанд бууруулах арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал гэдгийг ажлын хэсэг тайлбарлалаа. Сүүлийн жилүүдэд манай эдийн засагт 4 их наяд төгрөгийн хадгаламж, хөрөнгө оруулалтын зөрүү буюу санхүүжилт дутагдалтай байгаа нь дээрх үзүүлэлтээр илэрч байгаа. Энэ нь урсгал тэнцлийн алдагдлаар илрээд, үүнийг гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар санхүүжүүлж явж байгаа гэлээ. Тодруулбал, 2015 онд 948 сая ам.доллар, 2016 онд 700 сая ам.доллар, 2017 онд 1 тэрбум 150 сая ам.доллар, 2018 онд 2.2 тэрбум ам.доллар, 2019 онд 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Энэ оны 07 дугаар сарын байдлаар -400 сая ам.доллар, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 11 хувь болж буурах тооцоолол бий гэлээ. Эдийн засгийн бүтцийн шинжтэй бодлогуудыг хэрэгжүүлснээр алдагдлыг бууруулах боломж, гарц бий гэдгийг ажлын хэсэг тайлбарласан. Төгрөгийн ханшийн тухайд, оны эхний үетэй харьцуулахад 4.4 хувиар суларсан, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 7 орчим хувийн суларсан. Бусад улс оронтой харьцуулах юм бол үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш харьцангуй гайгүй суларсан гэж үзэж байгаа бөгөөд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүн гэлээ. Хэдийгээр төлбөрийн тэнцэл өндөр алдагдалтай байгаа ч интервенц хийж байгаа, нөгөө талаасаа өмнө жилүүдэд хуримтлуулсан алтны нөөцийг мөнгөжүүлэх байдлаар оролцож байгаа талаараа мэдээлсэн. Цэвэр дүнгээрээ 700-800 сая ам.долларын  интервенцийг валютын зах зээлд нийлүүлсэн байна. Үүнийг валютын урсгалтай харьцуулах юм бол экспортын орлого 40 орчим хувиар агшсан, төлбөрийн тэнцэл 600 орчим сая ам.долларын алдагдалтай энэ үед нэлээд дарамт үүсгэж байсан гэдгийг Монголбанкны зүгээс хэллээ. Сүүлийн үед ханш харьцангуй тогтворжих хандлагатай байгаа бөгөөд үүнд “Мазаалай” бонд, нүүрсний экспортын нөхцөл байдал, олон улсын зах зээл дээрх экспортын бүтээгдэхүүний үнэ эерэг нөлөө үзүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.


    Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн төгрөгийн ханшийг хамгаалах чиглэлд Монголбанк дорвитой ажиллахгүй байгаа талаар шүүмжилж, импортыг орлох, экспортоос орлого олох чиглэлд тус банкнаас үзүүлсэн дэмжлэг, валютын нөөцийг хэмнэх, нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан. Төгрөг болон валютын ханшид гадаад худалдаа, түүнээс үзүүлэх инфляцын нөлөөлөл, өрийн асуудал тус тус нөлөөлөн, дотоод инфляц өндөр, эдийн засаг төрөлжөөгүй байгаа ийм тохиолдолд гадаад шок өндөр, эмзэг байдаг талаар тайлбарлав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм.

    Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжилсэн юм.


    Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын банкны салбарын 95 хувь, санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнх хэсгийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх хуулийг 1995 онд баталсан бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд уг харилцаанд холбогдох бусад хууль тогтоомж шинэчлэгдсэн гэдгийг танилцуулгад дурдлаа. Тухайлбал, Банкны тухай хууль 2010 онд шинэчлэгдсэн бол Монгол Улсын төлбөрийн системд холбогдох харилцааг зохицуулах Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдаж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Түүнчлэн санхүүгийн хэрэглэгч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, цахим хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах явдал хурдацтай нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор банк, эрх бүхий хуулийн этгээдээс үзүүлэх үйлчилгээг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилан харилцагчдадаа үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан талаар мөн дурдав. Дээрх хууль зүйн болоод практик хэрэглээ шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.

    Хуулийн төсөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд бүтцийн хувьд нийт 6 бүлэг, 32 зүйлтэй.

    Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн төслийн нэрийг уг хуульд нийцүүлэн төлбөр тооцоо гэснийг мөнгөн хөрөнгийн шилжүүлэг гэж өөрчилсөн байна. Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн агуулга, түүнд тавих доод шаардлагыг зохицуулагч байгууллагаас баталж,  баталсан  ерөнхий нөхцөлд нийцүүлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс өөрийн үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөлийг батлах талаар төсөлд тусгажээ. Түүнчлэн харилцах дансыг нэр томъёоны хувьд төлбөрийн данс болгож өөрчлөн төлбөрийн дансны үлдэгдэлд хүү төлөхгүй байх, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн харилцагчид түүний данстай холбоотой мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болох талаар төсөлд тусгасан байна.


    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа, одоо иргэн, хуулийн этгээд хугацаагүй хадгаламжийн гэрээг банктай байгуулдаг бөгөөд төсөлд зөвхөн иргэн харилцах болон хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулах, харин аж ахуйн нэгж хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулахгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа гэв. Мөн аливаа төрлийн харилцах дансанд хүү төлөхгүй байхтай холбоотой зохицуулалтууд тусгасан байна. Түүнчлэн ФАТФ-ын зөвлөмжтэй холбоотой хэд хэдэн заалтууд бий бөгөөд гадны аж ахуйн нэгж, иргэн, дотоодын иргэн, аж ахуйн нэгж данс нээхдээ өөрийн эцсийн өмчлөгчөө тодорхойлох зохицуулалтыг тусгасан гэлээ. Зарим банк иргэдээс валют хүлээн авахгүй, валютын үйлчилгээг төгрөгөөр авахыг тулгаж байгаа нөхцөлийн талаар тодруулахад “Энэ нь цар тахлын нөхцөлд зохицуулж буй хуулийн үйлчлэлтэй холбоотой. Ялангуяа санхүүгийн зуучлалын үйчилгээ явуулдаг банкуудын үйл ажиллагааны талаарх зохицуулалт тусгагдсан. Энэ нь төгрөгийн ханшийг хамгаалах, нөгөө талдаа долларжилтыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт дуусах хүртэл дээрх зохицуулалт хэвээр үргэлжилнэ” гэлээ.

    Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн төслийн 9 дүгээр зүйлийн 9.11-т “Төрийн өөрийн өмчийн мөнгөн хөрөнгийг зөвхөн Монголбанкинд байршуулна” хэмээх зохицуулалттай холбоотой байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд банкны салбарыг цахимжуулах чиглэлд бодлогын түвшинд бодлогыг нь нээж өгөх, Төрийн санд төрийн бүх сангийн эх үүсвэрийг татахаас гадна 51-ээс дээш хувийн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эх үүсвэрийг татах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. 1995 оноос хойш огт хөндөгдөөгүй байсан хуульд 25 жилийн дараа цаг үеийн шаардлагаар шинэчлэлт хийх гэж байгааг Б.Жавхлан гишүүн цохоод дахин энэ хугацаанд тогтвортой үйлчлэх, сайн хууль батлах нь чухал гэлээ. Банкны системийн хувьд чухал ач холбогдолтой, банк төдийгүй системээрээ дамжин бизнес, бусад бүх асуудалд шууд болон дам хамаарал, нөлөөтэй эрх зүйн зохицуулалт гэдгийг онцоллоо. Тиймээс асуудлыг олон талаас судалж, бүх талын оролцоог ханган сайтар боловсруулж, батлах ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв.

    Ингээд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

    Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилгоор банкны хяналт, шалгалтыг сайжруулж, олон улсын стандарт, зарчмыг үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох шинэчлэлийн цогц бодлогыг төрөөс баримталж байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар банкны салбарын нийт 35.2 их наяд төгрөгийн активын 90 орчим хувийг олон нийтийн хөрөнгө бүрдүүлж байгаа бол 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчид хамаарах өөрийн хөрөнгө бүрдүүлж байгааг тэрбээр төслийн танилцуулгынхаа үеэр дурдав. Гэтэл энэ 10 орчим хувь нь олон нийтийн хяналтаас харьцангуй ангид байдлаар банкны удирдлагыг дангаар хэрэгжүүлдэг, Монгол Улсын банкны салбарын сул, эмзэг тал болж байгааг онол практикын олон тооны судалгаа харуулдаг байна. Уг байдал нь банкны хувьцаа эзэмшлийг хэт төвлөрсөн байдлаар даамжирч, цаашлаад банкны төлбөрийн чадварт нөлөөлөн, төрөөс их хэмжээний зардлаар шийдэхүйц хямралд ч хүрэх эрсдэлтэй тул Улсын Их Хурлаас онцгой анхаарч, холбогдох бодлогын баримт бичгүүдийг гаргасан. Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох, мэдээлэл нээлттэй байж зах зээлийн дохиоллын зарчмыг нэвтрүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

    Банкны тухай хуульд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүнд тавигдах шалгуурыг тодорхойлж аливаа этгээд хоёр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон зохицуулалтыг тусгасан боловч банкны хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох хувьцааны хэмжээ болон банк үүсгэн байгуулах хэлбэрт шаардлага тогтоогоогүй байна. Банкны тухай хуульд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар банкинд өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал арилж, банкны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж, зах зээлийн оролцогчдод мэдээлэл тэгш хүртээмжтэй болж хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэмжлэг болохоос гадна зах зээлээс банкыг үнэлэх хөшүүрэг болно гэж үзсэн гэлээ.


    Б.Баттөмөр гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Энхбаяр, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Б.Баттөмөр, Т.Амартүвшин нарын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь 90.9 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл