Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн яамтай хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.10.21/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-аас өнгөрсөн наймдугаар сард буюу ээлжит бус чуулганаар баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдээ тэгш, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр хангаж, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх, хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдүүлэхээр төлөвлөсөн ба энэ хүрээнд ээлжит бус чуулганаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулах шийдвэр гаргаж, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өчигдрөөс эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ хэмээн тэмдэглэв. Тэрбээр мөн хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй томоохон бодлого, хэрэгжиж эхэлсэн ажлын талаар мэдээллээ хуваалцлаа.
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Чингэлтэй дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Цэдэвсүрэн, Хөвсгөл аймгийн Сумын эмч, мэргэжилтнүүдийн салбар хорооны дарга, сумын эмч Ж.Лхагвасүрэн нар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон тулгамдсан асуудлын талаал илтгэл тавив.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, П.Анужин, Б.Жаргалмаа, Г.Дамдинням нар оролцож, байр сууриа илэрхийлэн үг хэлсэн.
Төгсгөлд нь хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулж асуулт, хариулт өрнүүлэв. Оролцогчид анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд стандартын шаардлага хангасан байр сууцгүй, ариун цэврийн байгууламжгүй, суманд шээс болон цусны шинжилгээ авах тоног төхөөрөмж байдаггүй, сумын эмчийг сумын Засаг дарга томилдог нь улстөржсөн нөхцөл байдал үүсгэж, туршлагатай мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулах боломжийг хаадаг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмчийн орон тоо байдаг ч ажиллах хүн дутмаг, эмч нар ач холбогдол багатай тайлан гаргах зэрэг бичиг цаасны ажил их хийдэг, сум, багт эм хүрэлцээгүй байдаг, интернет ашиглах дотоод сүлжээний чанар муу, даатгалын санхүүжилт хүрэлцдэггүй зэрэг шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг тавьж, асуултад салбарын сайд болон Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон салбарын удирдах ажилтнууд хариулт өглөө. Тус хэлэлцүүлэгт салбарын удирдах ажилтнуудын зэрэгцээ аймаг, дүүрэг, сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар зэрэг өргөн бүрэлдэхүүн оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.