Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.21) хуралдаан 13 цаг 43 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн талаар хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр авахаар тохиролцож, санхүүжилтийн хэлэлцээр байгуулсан. Уг төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм гэдгийг Сангийн сайд тодотгов.
Буцалтгүй тусламж олгохтой холбогдуулан “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулжээ.
Энэхүү хэлэлцээр нь Европын Холбооны зүгээс тусламж олгож буй улс орнуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр юм. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөхөд чиглэж байгаа аж.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэв.
Коронавирусын халдвар (КОВИД-19)-ын халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах, эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр багц арга хэмжээг хэрэгжүүлж, улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байна. Ийм үед Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг баталж, 2020 оны 4 дүгээр сараас гишүүн орнууддаа тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ.
Энэ хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах талаар тус банктай тохиролцож, Монгол Улсын Засгийн газар болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг байгуулжээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн жилийн хүү 1.1 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь байх нөхцөлтэй юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Н.Алтанхуяг, Т.Доржханд нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс 2014 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч орон болж орсноос хойш ямар нэг зээл аваагүй. Тус банканд манай улс 0.3 хувийн саналын эрхтэй бөгөөд хувь хэмжээнд ногдох нийт 8.2 сая ам.долларыг таван жилийн хугацаанд тав хувааж төлж барагдуулсан. Засгийн газар урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг чухалчилж байгаа. Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны өрийн менежментийг хэрэгжүүлж ажиллаж байна. 2016 онд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 78.8 хувь байсан бол 2020 оны 9 дүгээр сарын байдлаар 57.2 хувь болж буурсан. Өрийн таазыг хуульд заасан босгоос хэтрүүлэхгүй байх зарчмыг мөрдөж байгаа, одоогоор 57.1 хувьтай, цаана нь 12 хувийн нөөц байна гэдгийг хэллээ. Мөн өндөр хүүтэй, богино хугацаатай бондыг нэг ч удаа аваагүй, арилжааны банкуудаас ч зээл аваагүй гэдгийг тодотгож байв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцээд соёрхон батлуулахаар тогтов.
Коронавирусын халдварт /КОВИД-19/ цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа аж.
Төслийн гол зорилго нь дотоодын ажил горилогч болон бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, гарцыг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэгчдэд КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэх юм байна.
Уг төсөл нь харилцагч төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих замаар мэдээллийн хомс байдал болон хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлын хязгаарлагдмал байдлаас үүдэн ажил хайхад тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх; хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлэх, цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид арилжааны банкаар дамжуулан түр хугацааны дэмжлэг олгох зэрэг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэгч нэгжээр тус яамны харьяанд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нэгж ажиллах юм байна.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 20 сая ам.долларын энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баделхан, Т.Доржханд, Д.Цогтбаатар, Б.Баттөмөр нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж буйгаа илэрхийлээд коронавирусын халдварт цар тахлын энэ үед дэлхий дахины болон дотоодын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийж, эрсдэлийг зөв тооцсоны үндсэн дээр урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг ашиглах, өрийн менежментийг зөв хийх нь чухал байгааг онцолж байлаа.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.