Цэс

Холбоо барих

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив


    Улсын Их Хурлын өнөөдрийн (2020.10.22) үдээс хойших хуралдаан 14 цаг 15 минутад эхэлж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

    Төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа гишүүд тэмдэглээд, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, шимтгэлтэй холбоотой Сангийн яам болон Эрүүл мэндийн даатгалын сан хоорондын тооцооны зөрүү, тус сангийн эрсдлийн нөөц буюу нийт хөрөнгийн 10 хувийг нөөцлөх асуудлыг төслүүдэд тусгаагүй байгааг хэлэв. Мөн Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөлдөө малын хөлийн татварын асуудлаа багтаан шийдвэрлэх саналыг хэлсэн. Нийслэлд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд төсөвт зохих өөрчлөлт оруулах шаардлага бий гэдгийг хэлж байв.

    Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 47 гишүүний 27 нь 57.4 хувиар ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Дараа нь Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар батлагдсаныг Сангийн сайд танилцуулгынхаа эхэнд дурдав. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33 хувь, хөрөнгийн зардлыг 3 их наяд 647.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь, нийгмийн халамжийн нийт зардлыг 824.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 153.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан гэв.

    Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварт цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр төсвийн бодлогын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан нийгмийн халамжийн нийт зардлыг анх батлагдсан дүнгээс 566.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1 их наяд 390.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.3 хувь, хөрөнгийн зардлыг анх батлагдсан дүнгээс 148.7 тэрбум төгрөгөөр бууруулж 3 их наяд 498.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.3 хувь байхаар өөрчилсөн болно. Харин төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан хэмжээнд байхаар тус тус тооцсон болно гэж байлаа.


    Төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан юм. Байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар уг төслүүдийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн гэв.

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Ганхуяг, Х.Баделхан, Т.Доржханд, Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа.

    Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс татвар, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр олгох бодлогоор дамжуулан дэмжих, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь экспортлох бололцоо, гарцыг нээхэд дэмжлэг үзүүлэх шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байв. Түүнчлэн он дамжсан төсвийн хөрөнгө оруулалтын өсөлтийн талаарх шүүмжлэлт байр суурийг гишүүд илэрхийлж байв.  Төсвийн хөрөнгө оруулалтыг хүн амын нягтаршлыг харгалзан тэгш хуваарилах, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдлыг харгалзан жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй хэрэгжих арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагын талаар хэлж байв.

    Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүний 22 нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр нэгдсэн хуралдаан үргэлжлэв.

    Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа иргэдийн дийлэнх хэсгийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ авч байгаа этгээдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх хуулийг 1995 онд баталсан. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд уг харилцаанд холбогдох бусад хууль тогтоомж шинэчлэгдсэн гэдгийг танилцуулгад дурдлаа. Тухайлбал, Банкны тухай хууль 2010 онд шинэчлэгдсэн бол Монгол Улсын төлбөрийн системд холбогдох харилцааг зохицуулах Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Түүнчлэн санхүүгийн хэрэглэгч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, цахим хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах явдал хурдацтай нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор банк, эрх бүхий хуулийн этгээдээс үзүүлэх үйлчилгээг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилан харилцагчдадаа үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан талаар мөн дурдав. Дээрх хууль зүйн болоод практик хэрэглээ шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.


    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан бөгөөд тус Байнгын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа тус хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, гишүүдийн олонх дэмжжээ.

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авлаа.

    Гишүүдийн тодруулсны дагуу хуулийн төсөлд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах ямар зохицуулалт тусгагдсан байгааг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч тайлбарлав. Харилцагч банкнаас зээлийн үйлчилгээ авахад төгрөг, валютын зээлийг тулгаж болохгүй, харилцагчийн ашиг болон бизнесийн хүчин зүйлтэй хамааруулж зээл олгох, зээлийн гэрээн дэх бүх заалтыг ойлгомжтойгоор тайлбарлан заах зэрэг шаардлагуудыг тусгасан гэв. Зөвхөн гадаадаас валютаар ашиг, орлого олдог тохиолдолд валютын зээл олгодог байх зохицуулалтыг хуульчлахаар төсөлд тусгасан байна. Зээлийн хүү өндөр байгаа нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү өндөр байгаагаас үүдэлтэй, харин хадгаламжийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь макро эдийн засгийн тогтворгүй байдал гэдгийг хаа хаанаа ойлгох нь чухал гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн хэлж байв. Нэр томъёоны өөрчлөлт буюу “төлбөр тооцоо” гэдгийг “мөнгөн хөрөнгийн шилжүүлэг”, “харилцах данс” гэснийг “төлбөрийн данс” хэмээн өөрчилж байгаагаас дагалдан олон тооны хуульд өөрчлөлт орж байгааг дурдаад, учир шалтгааныг тодрууллаа. Эл хуулийг 1995 онд баталсан, 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг баталж, мөрдөж байгаа. Тиймээс Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд нийцүүлэн дээрх нэр томъёоны өөрчлөлтийг хийх шаардлага тулгарсан болохыг ажлын хэсгээс тайлбарлав.

    Давагдашгүй хүчин зүйлийн улмаас банкнаас үйлчилгээ авагч этгээд, тэр дундаа зээл авсан этгээд эрх ашгаа хамгаалуулахтай холбоотой зохицуулалт тусгасан эсэхийг С.Амарсайхан гишүүн тодруулж, хариулт тайлбар авсан юм.

    Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Т.Доржханд нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувь нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.


    Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Монгол Улсын банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилгоор банкны хяналт, шалгалтыг сайжруулж, олон улсын стандарт, зарчмыг үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох шинэчлэлийн цогц бодлогыг төрөөс баримталж байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар банкны салбарын нийт 35.2 их наяд төгрөгийн активын 90 орчим хувийг олон нийтийн хөрөнгө бүрдүүлж байгаа бол 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчид хамаарах өөрийн хөрөнгө бүрдүүлж байгааг тэрбээр төслийн танилцуулгынхаа үеэр дурдав. Гэтэл энэ 10 орчим хувь нь олон нийтийн хяналтаас харьцангуй ангид байдлаар банкны удирдлагыг дангаар хэрэгжүүлдэг, Монгол Улсын банкны салбарын сул, эмзэг тал болж байгааг онол практикын олон тооны судалгаа харуулдаг байна. Уг байдал нь банкны хувьцаа эзэмшлийг хэт төвлөрсөн байдлаар даамжирч, цаашлаад банкны төлбөрийн чадварт нөлөөлөн, төрөөс их хэмжээний зардлаар шийдэхүйц хямралд ч хүрэх эрсдэлтэй тул Улсын Их Хурлаас онцгой анхаарч, холбогдох бодлогын баримт бичгүүдийг гаргасан. Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох, мэдээлэл нээлттэй байж зах зээлийн дохиоллын зарчмыг нэвтрүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

    Банкны тухай хуульд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүнд тавигдах шалгуурыг тодорхойлж аливаа этгээд хоёр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон зохицуулалтыг тусгасан боловч банкны хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох хувьцааны хэмжээ болон банк үүсгэн байгуулах хэлбэрт шаардлага тогтоогоогүй байна. Банкны тухай хуульд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар банкинд өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал арилж, банкны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж, зах зээлийн оролцогчдод мэдээлэл тэгш хүртээмжтэй болж хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэмжлэг болохоос гадна зах зээлээс банкыг үнэлэх хөшүүрэг болно гэж үзсэн гэлээ.

    Эдийн засгийн байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр, Н.Учрал, Н.Алтанхуяг, Г.Дамдинням, С.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.


    Төслийг хэлэлцэхийг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ж.Ганбаатар, С.Амарсайхан нар үг хэлэв. Банкны салбарын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсгийг хуулийн төсөл дэх зохицуулалтуудаар шийдвэрлэнэ гэдгийг хэлж байв. Үүний зэрэгцээ өрсөлдөөнийг нэмэгдүүлэх буюу гадны банкуудыг үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, банкуудад ангилалтай лиценз олгох замаар өрсөлдөөнийг бий болгох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэлээ. Санхүүгийн сектор, банкны системийг шинэчлэлийг 6-12 сарын хугацаанд хийх боломжтой гээд тодорхой жишээ дурдаж байлаа. Төслийн зохицуулалтад хариуцлагын асуудал оновчгүй, торгууль оноох байдлаар шийдвэрлэхээр тусгасан байгааг анхаарах ёстой гэдгийг гишүүд хэлж байлаа.

    Ингээд гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 25 нь буюу 62.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл