Цэс

Холбоо барих

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын тайлан, мэдээллийг хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдрийн /2020.10.26/ хуралдаанаараа холбогдох байгууллагуудын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын мэдээлэл, тайланг сонсох асуудлыг хэлэлцлээ.


    Хуралдааны эхэнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлынхаа талаар танилцуулав.

    Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалан угаарын хийн хордлогод орсны улмаас хэчнээн хүн нас барсан талаар тоон мэдээллийг тодруулсан асуултад Цагдаагийн байгууллагын ажилтан И.Даваажамъян улсын хэмжээнд сүүлийн 10 жилд угаарын хийн хордлогын улмаас амь хохирсон 136 хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 72, орон нутагт 64, харин 2020 онд Улсын хэмжээнд 10 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 9, орон нуагт 1 хэрэг байна гэж хариуллаа.


Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням хөдөө орон нутагт агаарын бохирдол ямар байгаа болон сайжруулсан шахмал түлшний чанар, хорт бодисын хэмжээний талаар, мөн хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг тодруулав. Дээрх асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймгуудад агаарын бохирдол өндөр байгааг тэмдэглээд хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг дөрвөн жилийн турш аймгуудад шат дараатай байгуулна, эхний үйлдвэр 2021 оны сүүл гэхэд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна гэж хариуллаа. Сайжруулсан шахмал түлшний чанар, хорт бодисын хэмжээтэй холбоотой асуултад Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун “Тавантолгой түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноос хойш бүтээгдэхүүнээс тогтмол шинжилгээ авч байгаа бөгөөд шинжилгээгээр хорт бодисын хэмжээ нормоос хэтрээгүй гэсэн хариулт өглөө.  

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн сайжруулсан шахмал түлш үйрч, бутарсан зэргээр нунтаг гарч буйг хаягдалгүй савлахад хяналт ямар байгаа талаар болон авто машины насжилтаас шалтгаалж агаар бохирдож байгаагийн эсрэг хийж буй ажил, мөн агаарыг бохирдуулж буй хамгийн том хүчин зүйл болох нам даралтын хэчнээн уурын зуухыг түүхий нүүрсээр галлаж, төсөвт хэдэн төгрөг тусган, санхүүжүүлж буй тооцоог тодруулав. Энэ асуултад Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийн явцад хяналт тавьж хөлдсөний улмаас үйрч бутарсан түлшийг дахин боловсруулалтад оруулж, хэрэглэгчдэд хүргэхгүй байх тал дээр өнгөрсөн өвөл хяналт тавьсан. Ашиглалтын шаардлага  хангахгүй микро автобусыг ашиглалтаас хасаж, үйлчилгээнд явуулахгүй болсон. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон нийтийн тээврийн том оврын автобусыг ашиглалтаас хасаж байна гэх хариулт өгсөн бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл 70 байршилд түүхий нүүрсээр галладаг 202 уурын зуух байна. Эрчим хүч  үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг шууд сайжруулсан шахмал түлш хэрэглэ гэж шаардаж болдоггүй. Технологийн томоохон өөрчлөлт хийх шаардлага тулгардаг учир шууд шийдвэрлэх боломжгүй байна. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгж яндандаа шүүлтүүр тавьсан гэлээ.


    Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл Улаанбаатарт түүхий нүүрс хулгайгаар оруулж ирж байна. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгж 70 гаруй тонн  нүүрс оруулж ирснийг саяхан илрүүллээ. Хулгайгаар нүүрс оруулж ирж, түлдэг нь агаарын бохирдол, утааг бууруулах том зорилгоос хойш нь татаж байна гээд түүхий нүүрс хулгайгаар оруулж ирж түлэхгүй байхыг уриалж буйгаа илэрхийлэв. Мөн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх талаар тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо түүхий нүүрс түлж байсан үеэс буурсан үзүүлэлттэй юм байна. Энэ талаарх мэдээллийг иргэдэд сайн түгээх хэрэгтэй гэж саналаа хэллээ. Мөн “Тавантолгой түлш”-ийг бизнесийн зарчмаар нь явуулж, түлшний үнийг тогтвортой байлган, улсын төсвөөс татаас өгдгийг болиулах хэрэгтэй гээд цахилгааны шөнийн тарифыг тэглэхдээ Эрчим хүчний яамнаас санал авч, чанарын шаардлага хангасан халаагуур хэрэглэсэн тохиолдолд тэглэж байх нь зүйтэй талаар саналаа хэлж, агаарын бохирдол технологийн хоцрогдлоос болж байгаа талаар байр сууриа илэрхийлэв.  Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням ард иргэдэд мэдээллээ тодорхой хүргэх, Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилгодоо хүрэх, аймаг орон нутгийн агаарын бохирдлын мэдээллийг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудад гаргаж өгч байх талаар саналаа хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг агаарын бохирдлыг бууруулахын тулд холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, шинэ технологиудыг нэвтрүүлж ажиллах талаар санал хэлэв.  

    Дэд хорооны хуралдааны төгсгөлд Олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд Засгийн газраас Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын үр дүнтэй газар дээр нь танилцаж, зохих шийдвэр гаргах Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэгээр ахлуулан байгуулах саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, тогтоолын төсөл баталснаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл