Цэс

Холбоо барих

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 39 дугаарын тойм

   

    Эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай хуулийг Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий Ассамблейн 23 дугаар чуулганаар баталж, хүчин төгөлдөр болсон “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ын хамт нийтэллээ. Уг конвенцод Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон бөгөөд Монгол Улсын иргэд ихээр зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Канад, Бразил, Мексик зэрэг улсууд багтсан байна. Энэхүү конвенцын гишүүн улсуудтай гадаадад хорих ял эдэлж буй иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Монгол Улс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцод нэгдэн орох нь зүйтэй гэж үзжээ. Тус конвенц нь 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавих шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгасан байна. Конвенцод нэгдэн орсноор Монгол Улс бусад улстай байгуулсан хоёр талт болон бусад олон талт гэрээ, хэлэлцээрийн үйлчлэл түүнчлэн шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй юм байна. 

    Мөн энэ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол Улсаас Украин Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татаж, тохоон томилсныг нийтэллээ. 

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын “Жагсаалт батлах тухай” тогтоолоор Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай  дүгнэлттэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.                                                           


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл